Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий /3 мм/, Булган /20 мм/, Дархан-Уул /36.4 мм/, Дорнод /8,6 мм/, Завхан /13 мм/, Орхон /3.8 мм/, Өвөрхангай /0.4 мм/, Сүхбаатар /1.3 мм/, Сэлэнгэ /3.6 мм/, Төв /0.1-14 мм/, Ховд /4 мм/, Хөвсгөл /0-8 мм/, Хэнтий /0.2 мм/ аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. Улаанхус багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвд/ хураалттай өвс шатсан тухай мэдээллийг 09.15-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 0.8 км замыг туулан 11:15 цагт очиход иргэн С-н хашаанд хураалттай 30 тн өвс шатаж байсныг 5 цаг 20 минут ажиллаж бүрэн унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум. 6 дугаар багийн  “Шинэ зуун” хорооллын 2 дугаар гудамжинд талхны цех шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 21:27 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 0.8 км замыг туулан 21:29 цагт очиход иргэн Э-гийн талхны цехийн тааз, шарах зуух шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймаг, Ханхонгор сум. Өгөөмөр багийн “Бор хошууны хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 27 км, Ө-42°24’00.0″, У-104°39’00.0″/ 09.15-ны өдрийн 12:54:38 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 13:02 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Өгөөмөр багийн Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол:Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км, сумын төвөөс баруун урд зүгт 100 км, N 48.64496, Е 88.792952/-т N 48.64496, Е 88.792952 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.15-ны өдрийн 08:00 цагаас 21:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Ховд голын-Эх” гэдэг газраас баруун урд зүгт 25 км-т “Зээрийн гарам” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар завиар урсаж, 5-8 метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.16-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймаг, Ханбогд сум. Баян багийн Баян хөөврийн 15 дугаар гудамжинд 09.15-ны өдрийн 14:00 цагийн орчим иргэн Л эмийн сан орохоор гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:27 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Л/79 настай, эрэгтэй/-г 09.15-ны өдрийн 19:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top