1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур +13…+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 19, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 19-өөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны “Товчоо”-ны 1 дүгээр гудамжинд түргэн хоолны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:26 цагт очиход тус хаягт оршин суугч иргэн А-ийн 2х3 метрийн хэмжээтэй түргэн хоолны газар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 25 дугаар хороонд эзэнгүй хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:36 цагт очиход эзэмшигч нь тодорхойгүй хоосон хашаанд 2х2 метрийн хэмжээтэй харуулын байрны шал шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.17-ны өдрийн 08:10 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас баруун урд зүгт 16 км-т “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн ‘’Ар булан’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 190 км, Орхон сумаас баруун урд зүгт 22 км/-т иргэн Б нь суудлын автомашинтай Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 33 км замыг туулан 11:40 цагт очсон. Хүч нэмэгдүүлэн Сайхан сумын мэргэжлийн ангийнхан 3.5 тн-ийн даацтай өргөгч автомашинтай 13:12 цагт очиж голын усанд живсэн “Хьюндэй Соната-6” загварын суудлын автомашиныг 13:46 цагт 2 метрийн гүнээс татан гаргахад бүхээг дотор нь Орхон сумын харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 24 дүгээр хорооны “Алтай” хотхоны байрны дээвэр дээр өсвөр насны эмэгтэй хүүхэд хөлөө унжуулаад сууж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 00:36 цагт хүлээн авсан
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 0.3 км замыг туулан 00:43 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугч, иргэн Э /18 настай, эмэгтэй/ нь тус байрны 17 давхрын дээвэр дээр хөлөө унжуулан сууж байсныг олс, хийлдэг гудас ашиглан буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР