Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи  нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +10+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 градус, бусад нутгаар +15+20 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, +17+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-ны өдөр нутгийн баруун хагаст, 23-ны өдөр ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23-ны өдөр нутгийн зарим газраар, 24-ний өдөр Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +10+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +18+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +21+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2+7 градус, өдөртөө +15+20 градус дулаан байна. 22-ны өдөр нутгийн баруун хагаст, 23-ны өдөр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Увс аймаг, Улаангом сум. 5 дугаар баг “Улаан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 4 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 16:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:06 цагт очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор нь хураалттай 8 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Өлгий сумын 4 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг  туулан 20:42 цагт очиход тус тоотод иргэн Б-ын “Санта-фе” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 5 дугаар багийн “Унаганы гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т “Ховд” голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.19-ний өдрийн 08:00 цагаас 20:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг “Шар говь” гэдэг газраас баруун урд зүгт “Хулангийн гатлага” гэдэг газар хүртэл нийт 120 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.20-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороо, “Шугуй” гэдэг газар 1 хүн гүүрэн дээрээс голын ус руу унаж, живсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 36 км замыг туулан 17:00 цагт очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн байсан тул тухайн газраас “Шугуйн-Адаг” гэдэг газар хүртэл 1 км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 09.20-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.         

  Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум. Өвгөд багийн “Бэлчээр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 163 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 09.18-ны өдрийн 23:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 17:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин Б/38 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.19-ний өдрийн 19:10 цагаас 21:45 цаг хүртэл “Бэлчээр толгой” гэдэг газраас “Далтын даваа” гэдэг газар хүртэл 15 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 09.20-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top