Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн түншлэлийн цахим хурал өндөрлөлөө. Цахим хурлыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, номхон далайн бүсийн газраас зохион байгуулсан юм. Хуралд тус бүс орнуудын гамшиг, онцгой байдлын удирдлагын газар, НҮБ болон бусад олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцов.
ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа нар Монгол Улсыг төлөөллөө. Тэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулсан.
Танилцуулгад, Монгол орны хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо давтамж, эрчим буурахгүй, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, газар ашиглалт, хот суурин газрын хэт төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс хамааран болзошгүй гамшгийн эрсдэл улам нэмэгдэх хандлагатайг онцолсон юм. Эрх зүй, бодлогын орчин хэдийгээр сайжирсан ч гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулж буй хөрөнгө оруулалт, ялангуяа эрт зарлан мэдээлэх систем, дэвшилтэт технологид суурилсан хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байна. Гамшгийн өмнө эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оруулж буй санхүү, хөрөнгө оруулалт нь гамшгийн дараах зарцуулж буй зардлаас харьцангуй бага байгаа зэрэг асуудлыг мөн хөндлөө.
Мөн НҮБ-д хүргүүлсэн Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн дунд хугацааны Монгол Улсын тайланд тусгасан гамшгаас хамгаалах чиглэлээр олсон ололт амжилт, учирч буй хүндрэл бэрхшээлээс онцлон танилцуулав.
Тус хуралдаанаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Филиппин улсын Засгийн газартай хамтран ирэх оны аравдугаар сард зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн орнуудын сайд нарын бага хурлын үндсэн агуулга, сэдвийг ярилцсан. Ингээд гамшгийн эрсдэлийг бууруулах санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэхүү үйл ажиллагаанд хэнийг ч орхигдуулалгүй хамруулах, хот суурин газрын гамшиг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн гурван сэдвээр зохион байгуулахаар тогтов.