Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Өнөөдөр уг сургалтад хамрагдаж сургагч багш болсон 33 хүнд батламж олгосон юм. Цаашид ч энэхүү сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, аль болох олон алба хаагчийг сургагч багшаар бэлтгэх бүрэн боломжтойг талууд илэрхийлэв.
Сургалтын үеэр Онцгой байдлын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, бодит нөхцөл байдал үүсэх үед байгууллага хоорондын уялдаа холбоо, удирдлага, зохион байгуулалтын талаар анхаарах асуудлаар туршлага хуваалцсан юм. Өдөр бүр өөр сэдэв, агуулгын хүрээнд лекц, бүлгийн ажлаар үргэлжилсэн нь сургалтыг сонирхолтой, ач холбогдолтой болгож чадлаа гэж оролцогчид дүгнэлээ.
Тухайлбал, “Хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, хариу арга хэмжээ” сэдвийг онцлоход гамшигт өртсөн бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг судлах, тусламж зорилтот бүлэгт хүрч байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай болохыг сургагч багш нар онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.