Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орж, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи  ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.  29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Үйлдвэрчний гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагыг 09.27-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11:25 цагт очиход 25х12 метрийн хэмжээтэй яс боловсруулах үйлдвэрийн барилгын дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрсэнээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Булган аймаг, Орхон сум. Халиун багийн Оросын булгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 10:08 цагт очиход иргэн Б-ийн 4×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Ихтамир сум. Эрдэнэтолгой багийн “Тээгийн шил” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 26 км замыг туулан 15:26 цагт очиход иргэн Л-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:39 цагт очиход иргэн Б-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймаг, Хашаат сум. Цайдам баг “Сэвээт уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 165 км, сумын төвөөс баруун зүгт 29 км, Ө-47°31’48.0″, У-102°45’36.0″/ 09.27-ны өдрийн 17:25:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 17:31 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хашаат сумын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Рашаант багийн “Баарангийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/-т 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан 01:35 цагт очиход Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын /40 настай, эрэгтэй/ “Тоёота раум” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан Ө/22 настай, эрэгтэй/-ын “VOLVO FH440” загварын ачааны автомашин /3 зорчигчтой/ тус тус цасанд суусан байсныг 2 цаг ажиллаж автомашинуудыг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top