2016 оны 1-р улирлын гал түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

 2016 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 974 удаа гарч, 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 7 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн 97 толгой мал хорогдож, 473 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 21,3  хувиар, учирсан хохирлын хэмжээ 20,8 хувиар тус тус буурсан байна.

Нийслэл хотод нийт 640 удаагийн гал түймэр гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 334 удаагийн гал түймэр гарч, 1,2 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Ой, хээрийн гал түймэр

Улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 24-ний байдлаар 2 аймгийн 3 суманд нийт 3 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1.5 га ой, 8050 га хээр, нийт 8051.5 га талбай шатаад байна.

Ой, хээрийн гал түймрийн улмаас 2 гэр, 1 айлын саравч, 40 толгой мал өртөж шатсан байна.

Түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 61 албан хаагч, 5 автомашин, орон нутгаас 44 иргэн, 2 автомашин тус тус дайчлагдан нийт 117 хүн, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

 Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

 Энэ хугацаанд 6902 байгууллага, аж ахуйн нэгж, 55247 айл өрхөд галтүймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 44653 зөрчил дутагдал илрүүлэн, 14965 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1455 заавал биелүүлэх албан шаардлага, 1740 мэдэгдэл, 161 танилцуулга, 403 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 39 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 28,7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 593 удаа, дадлага 378 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2066 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 5,1 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 25,1 хувь, арилгуулсан байдал 79,5 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 4,9 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 91,7 хувь,галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 39,5 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан айл өрхийн тоо 7,6 хувь, ажиллагаа зогсоох тогтоол 56,7 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 31,1 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 8,3 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага 0,5 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 151 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 157 удаа орж ажиллав.

 Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Гал түймэр унтраах аврах 49 анги, гал түймрийн 1008 дуудлага хүлээн авсанаас 613 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 570 удаа,  2 тасгийн хүчээр 26 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 26 удаа, үүнээс 463 гал түймрийг 30 минутанд, 89 гал түймрийг 30-60 минутанд, 70 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 3453.5 тн ус, 506.3 л хөөс,  20569.7 литр шатахуун зарцуулжээ.

Гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 40, Салааны тархалтын сургууль 535, өдөр тутмын дасгал сургууль 4320 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 87195 хүн хамрагдаж, 402 гал унтраах шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийж, гал унтраах дасгал сургуулийн нормоор онц 1068, сайн 1373, дунд 787, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 1287, сайн 2003, дунд 1492, хорт хий утаанаас хамгаалах талаар дагаж мөрдөх дүрмээр онц 1192, сайн 1960, дунд 1516, гал түймэр унтраах дүрмээр онц 1454, сайн 1853, дунд 1483 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

 

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

scroll to top