Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орсон. Бусад нутгаар тогтуун байв.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр +1+6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16+21 градус, бусад нутгаар +10+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос  6-11 м/с, +9+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 10.01-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-ны өдөр утгийн хойд хэсгээр, 3-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 3-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 30-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1-6 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +17+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1+4 градус, өдөртөө +12+17 градус дулаан байна. 2-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 3-ны өдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Завхан аймаг, Улиастай сум. Жинст багийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 23:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 23:04 цагт очиход тус тоотод иргэн Б-ны 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1 цаг 16 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 16 дугаар хороо, Туулын 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 02:07 цагт хүлээн авсан.  

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:12 цагт очиход иргэн Р-ийн 3х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 16 дугаар хороо, 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 05:10 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:15 цагт очиход тус тоотод иргэн С-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Дундговь аймаг, Луус сум. 2 дугаар багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тул цогцсыг гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 17:02 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 33 км замыг туулан 17:33 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан ”Мерседес бенз-AXOR1840LS” загварын зүтгүүр, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ниссан-Экстрайл” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч Э /59 настай, эрэгтэй, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул 12 минут ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн. 

Говь-Алтай аймаг, Шарга сум. Сондуулт багын “Эвийн гүүр” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 87 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ суудлын автомашин замын хажуу тал руу унаж, жолооч нь автомашинаасаа гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 01:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 87 км замыг туулан 03:40 цагт очиход тус аймгийн Баян-Уул сумаас Есөнбулаг сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Приус-20” загварын суудлын автомашин замын хажуу тал руу унаж, жолооч нь өөрөө автомашинаасаа эсэн мэнд гарсан байсан тул 1 цаг ажиллан автомашиныг татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Хэрлэн. 2 дугаар багийн “Төв” хорооллын 2 дугаар гудамжинд тус аймгийн Хэрлэн сумын харьяат С нь 09.25-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа боловч үр дүнд хүрээгүй тул тус аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Дорнод аймгийн Засаг даргаас 09.28-ны өдрийн өдрийн 13:09 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэг, Цагдаагийн газрын алба хаагчид С /7 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Хэрлэн сумын 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зохион байгуулах явцад мөн өдрийн 17:20 цагт Хэрлэн сумын 3 дугаар багийн “Хөгшир” гэдэг газраас тухайн хүүхдийн цогцсыг Цагдаагийн байгууллагын алба хаагчид олсон тухай мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газраас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Цас, нойтон цас: Баян-Өлгий аймаг, Толбо сум. Хонгор-Өлөн 3 дугаар багийн “Бураатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ 09.25-26-ны өдөр орсон цасны улмаас том оврын ачааны автомашинууд “Бураат”-ын давааг давж чадахгүй байна гэсэн дуудлагыг 09.28-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан 23:35 цагт очиж, давааг давж чадахгүй /тухайн автомашинууд ихэнх нь зуны улиралын дугуйтай байна/ байсан нийт 50 орчим автомашиныг чирч гаргах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. “Жол” ХХК-ийн ажилтнууд автозамыг цэвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top