Орон нутагт гамшгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх сургалт эхэллээ

2023-09-29_9.jpg

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ОБЕГ-т хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох зорилготой сургалт семинар зохион байгуулж байна. “Гамшгийн эрсдэлийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт энэхүү сургалтад  гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд оролцож байна

Гамшиг, аюулт үзэгдлийн төрөл, хэлбэр, цар хүрээ, давтамж жилээс жилд өсөн нэмэгдэж улс орнуудын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Гамшгийн эрсдэл, эмзэг байдлуудтай давхцаж улам бүр нарийн төвөгтэй шинэ, өмнө байгаагүй хувилбарууд бий болж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын шууд нөлөө юм.

Шадар сайдын зөвлөх Г.Ганболд үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, бодлого, төлөвлөлт зөв бол үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт сайн байдаг. Иймд бүх шатны байгууллага ажлын уялдаа холбоогоо сайжруулах, оновчтой алсын хараа, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан төлөвлөлт хийх шаардлагатайг онцлов. Түүнчлэн эндээс гарсан үр дүн, арга зам, санал санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, бодит үйл ажиллагаа болгох нь чухал. Үүнээс улс орны ирээдүйн хөгжил, хүн амын аюулгүй, амьдрах баталгаа, нөхцөл нэмэгдэнэ гэдгийг чухалчиллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top