Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай аймагт цас, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +9…+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Өмнөговь аймаг, Ханхонгор сум. Мандах багийн “Хавцгайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 24 км, сумын төвөөс баруун урд зүгт 49 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 24 км замыг туулан 10:34 цагт очиход иргэн А-гийн “Норд бенз” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Бор-Өндөр. Уурхайчин 4 дүгээр багийн “Хангай” хорооллын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:44 цагт очиход иргэн Б-ын 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Цамбагарав 12 дугаар багийн 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 1 хүн /нэр, нас тодорхойгүй/ өртөж нас барсан байсныг 17:15 цагт Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн “Мангирт” 4 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:43 цагт очиход иргэн Ч-ийн 8х8 метрийн хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 9 дүгээр багийн “Хээтэй” хороололд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:26 цагт очиход иргэн Г-ын 3 өрөө байрны тагтан дээр эд хогшил шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 7 дугаар хорооны шатахуун түгээх станцын ард өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:05 цагт, дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн иргэн Г-ын “Камаз 5321” загварын ачааны автомашины 24 тн өвс ачсан чиргүүл шатаж байсныг 01:50 цаг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтууруугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.02-ны өдрийн 08:00 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нуурын усанд завиар урсаж, 5 удаагийн шумбалт хийж, “Дагиналтай хад” гэдэг газар 8 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар зохион байгуулсан. 10.03-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Цас шаварт суусан: Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Гонир 3 дугаар багийн “Дугуй гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 188 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Хараа” голын усанд 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 10.02-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 11:17 цагт очиход иргэн Б-ийн “Ланд Крузер 100” загварын автомашин голын усанд суусан байсныг 4 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top