Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон говийн аймгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +5+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18+23 градус, бусад нутгаар +12+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +15+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-ний өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 7-ны өдөр нутгийн зарим газраар, 8-ны өдөр говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +13+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4+1 градус, өдөртөө +7+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Хэнтий аймаг, Бор-Өндөр. Холбоо багт дулааны шугамын дулаалгын хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 08:24 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба  хаагчид 1 км замыг туулан 08:26 цагт очиход дулааны шугамын дулаалгын хөөс шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 29 дүгээр хороо, Эрчим хүчний 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 08:23 цагт хүлээн авсан.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 08:36 цагт очиход иргэн О-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, “Шинэ-Үе” хотхонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 14:14 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:26 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Ноён багийн 25 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 15:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:04 цагт очиход иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Булган аймаг, Сайхан сум. Хулж багийн “Хулжийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 42 км-т/ 10.04-ний өдрийн 16:30 цагийн орчим 1 гэр шатсан тухай мөн өдрийн 16:55 цагт хүлээн авсан.

Иргэн Б-ын 5 ханатай гэр шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Хан-Уул багийн Хан-Уул 12 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.04-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:55 цагт очиход иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум. Баянзүрх багийн “Булгийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 37 км-т, Ө-48°03’00.0″, У-109°21’36.0″/ 10.05-ны өдрийн 02:57:02 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 03:03 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Өмнөдэлгэр сумын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Цагаан-Овоо багийн 8 дахь километр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай 10.04-ний өдрийн 23:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 12 км-т замыг туулан 00:31 цагт очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд зорчиж явсан “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсан тул  15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт, суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г/34 настай, эрэгтэй/, зорчигч Өмнөговь аймгийн Цагаанбулаг сумын харьяат иргэн С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Усны осол: Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум. 5 дугаар багийн “Ямаат” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130  км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Е нь 10.02-ны өдрийн 09:00 цагийн орчим “Ачит” нуурын орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 10.03-ны өдөр гэрийнхээ гадна гүйж ирсэн. Орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа боловч үр дүнд хүрээгүй, нуурын усанд осолдсон байж болзошгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 10.03-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10.04-ний өдрийн 11:00 цагт ангиас гарч 130 км замыг туулан 18:25 цагт очиж, Ногооннуур сумын харьяат малчин Е/40 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:45 цагт “Ачит” нуурын ус /4 метрийн гүнээс/-аас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхний хамт тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.04-ний өдрийн 08:00 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нуурын усанд завиар урсаж, 6 удаагийн шумбалт хийж, “Дагиналтай хад” гэдэг газар 5 км-ийн тойрогт автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.05-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Шаамар сум:Дэлгэрхаан багийн “Тужийн нарс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ иргэн Г нь 10.03-ны өдрийн 12:00 цагийн орчим “Тужийн нарс” гэдэг газрын чиглэлд эмийн ургамал түүхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 03:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны алба хаагчид, ар гэрийнхний хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн иргэн Г/43 настай, эмэгтэй/-г 10.04-ний өдрийн 03:58 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:32 цагт Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Ханан хад” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top