АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16..+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна

Төлөв байдал: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Булган аймаг, Сэлэнгэ сум. Ингэт багийн “Моностой” хорооны 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн мэдээллийг 10.09-ний өдрийн 18:42 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу очиход иргэн Г-ийн хашаанд 10 тн өвс шатаж байсныг 5 цаг 5 минут ажиллаж 23:37 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Арвай багийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км замыг туулан 19:47 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 5 дугаар багийн “Хүнсчид”-ийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн Ч-ын 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Хавиргын бэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын төвөөс зүүн урд зүгт 67 км/-т өвс ачсан автомашин шатаж байна дуудлагыг 10.09-ний өдрийн 20:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 70 км замыг туулан 22:30 цагт очиход иргэн М-ын автомашины ачиж явсан нойтон өвс халалт өгч уугин шатаж байсныг 2 цаг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Дэлгэрэх багийн задгай /аймгийн төвөөс баруун хойд зүгт 6 км/-т эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.09-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 22:47 цагт очиход малчин Ч-ийн 15х8 метрийн хэмжээтэй малын саравчны дээврийн хэсэг, хураалттай 4 тн задгай өвс шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Сийрст 1 дүгээр багийн Цэций-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 03:13 цагт очиход иргэн Ж-ын 4 ханатай гэр, 3 метр хашаа шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Малх багийн “Нарийн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км/-т Хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.09-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мэргэжлийн анги, иргэдийн бүрэлдэхүүнтэйгээр хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж 10.09-ний өдрийн 18:04 цагт цурамд оруулж, 19:23 цагт бүрэн унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т Тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Сүх багийн 9 дүгээр гудамжинд 2021.07.04-ний өдөр иргэн Б/31 настай, эрэгтэй, Алаг-Эрдэнэ сумын харъяат/ нь гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2023.10.05-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 5 иргэн Б-г эрэн хайх ажиллагааг 10.09-ний өдрийн 08:00 цагаас 19:00 цаг хүртэл тус аймгийн Чандмань-Өндөр сум, Шивэрт багийн “Алагцар” голоос “Хар хад” гэдэг газар хүртэл 16 км-т автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.10-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


scroll to top