1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн саваар +16+21 градус, бусад нутгаар +11+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, +13+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-ний өдөр Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 12-ны өдөр говь, талын нутгаар, 14-ний өдөр нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с, 15-ны өдөр Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +17+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1+4 градус, өдөртөө +13+18 градус дулаан байна. 14-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Булган аймаг, Хангал сум. Хялганат тосгоны Малчдын 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:39 цагт очиход тус тоотод иргэн Л-ийн 6х10 метрийн хэмжээтэй өвөлжөөн дээр хураасан 1.5 тн өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг: 21 дүгээр хороо, “Ганцын задгай” хэсэг, “Жамсран” уулын ар талын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 04:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:46 цагт очиход иргэн Ш-ын 5 ханатай хоёр гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тарвагатай багийн “Сэвсүүлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 183 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид нутгийн иргэдтэй хамтран тус өдрийн 15:41 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 16:33 цагт бүрэн унтрааж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатсан.
Хэнтий аймаг, Дадал сум. Агац багийн “Бор хоолойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 270 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Норовлин суманд ажиллаж байсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32, 42 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 20:00 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га орчим талбай шатсан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.05-ны өдөр хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.10-ны өдрийн 08:10 цагаас 18:30 цаг хүртэл Номгон багийн “Дэрст булан” гэдэг газраас “Загасчдын тохой” гэдэг газар хүртэл 37 км-т “Орхон” голын усаар завиар, “Дэрст булан” гэдэг газарт 6 км-ын тойрогт явганаар, дроноор 3 км-ын тойрогт агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. 10.11-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Сүх багийн 9 дүгээр гудамжинд 2021.07.04-ний өдөр иргэн Б нь гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2023.10.05-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Б/31 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10.10-ны өдрийн 09:25 цагаас 15:10 цаг хүртэл тус аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Алагцар” гэдэг газраас “Хар хад” гэдэг газар хүртэл 16 км-т автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул аймгийн Цагдаагийн газар болон ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР