АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хашаанд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 13.15 цагт очиход 4х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хорооны Хилчиний 105 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 11:25 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Дашбалбар сум. Сэвсүүлжараахай багийн “Хөндлөн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т 10.11-ний өдрийн 14:07 цагт автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд иргэдтэй хамтран 30 км замыг туулан 15:00 цагт очиход зуурмагийн холигч автомашины бүхээг хэсэг, урд 2 дугуй шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хорооны Бурхантын 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:48 цагт очиход иргэн Б-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 37 км/-т 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд ар гэрээс нь дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.05-ны өдөр хүлээн авсан.   

Сум дундын Цагдаагийн хэлтсийн 10.09-ний өдрийн 44/3-1025 дугаар албан бичгээр дахин эрэн хайх ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 10.10-ны өдөр хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ар гэрийнхэнтэй нь хамтран завьтайгаар иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.11-ний өдрийн 09:40 цагаас 18:40 цаг хүртэл “Өргөө” гэдэг газраас “Хар-Усан тохой” гэдэг газар хүртэл 42 км-т “Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу 7 км-т явганаар, 59 км-т автомашинаар, 3 км-ын тойрогт дроноор агаараас тандалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй. 10.12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймаг, Баянтүмэн сум. Жаргалант багийн “Хашаатын цаана” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 75 км/-т тус сумын харьяат малчин Д 10.11-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, иргэдтэй хамтран иргэн Д /72 настай, эрэгтэй, мартаж, санах өвчтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top