АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн нутгийн зарим газраар бороо, Завхан аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар тогтуун байв.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0+5 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11+16 градус, бусад нутгаар +5+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, +7+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-ны өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр 6-11 м/с, 18, 19-ний өдөр нутгийн зүүн хэсгээр 8-13 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0+5 градус, өдөртөө +11+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -50 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна. 20-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 07:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:15 цагт  очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж  байсныг 20 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 33 дугаар хороо, Гачууртад шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 13:43 цагт очиход тус тоотод иргэн Б-ын 0.3 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 38 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:37 цагт очиход тус тоотод иргэн Л-ийн хашаанд 1 га орчим талбайд шар өвс, 3 метрийн урттай хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 3 дугаар хороо, 45 дугаар байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:39 цагт очиход 45 дугаар байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Сэлэнгэ сум. Сэлэнгэбүрэн багийн “Сүүн хоолойн-Адаг” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 18:45 цагт очиход малчин Ц-ийн 8х20 метрийн хэмжээтэй өвөлжөө болон 1 тн өвс, “Портер” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 2 дугаар хороо, “Хилл сити” хотхоны 9/В байранд айлаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 22:01 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:07 цагт очиход иргэн А-ын байранд орны матрас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 51 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Дэрст булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 37 км-т/ 09.24-ний өдрийн 19:00 цагийн орчим 4 хүн зугаалж явснаас иргэн Э нь сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс 09.29-ний өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрөөс 10.01-ний өдрийг дуустал зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг дахин явуулах тухай хүсэлтийг ар гэрээс нь 10.05-ны өдөр, сум дундын Цагдаагийн хэлтээс 10.10-ны өдөр тус тус хүлээн авсан. 10.16-ны өдөр тус сумын харьяат иргэн Э/61 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд 10.15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй  болсон тухай дуудлагыг 10.16-ны өдрийн 04:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран бага насны хүүхэд Б/5 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 10.16-ны өдрийн 13:30 цагт 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлын Түргэн хоолны газраас тухайн хүүхдийг эсэн мэнд олсон тухай мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top