Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

viber_image_2023-10-20_18-00-15-665.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер нар гарын үсэг зурав.

 Хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь танай компани Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Цаашид ч гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сурган, гамшгийн эрсдэлийг бууруулахад санаа зорилго нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.  Бидний хамтын ажиллагаа сайхан бүхэнд хүргэж, сайн үйлсийн түүчээ байх болтугай” гэв.

Мөн Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер хэлэхдээ “Амь биеэ үл хайхран олон хүний амь нас, эд хөрөнгийг авардаг аврагч бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Гамшиг осол хэлж биш хийсч ирдэг. Гэвч гамшгийн хохирлыг хөгжиж буй орнууд ихэвчлэн амсаж байгаа нь харамсалтай. Манай компанийн зүгээс өнгөрсөн үерийн гамшгийн үед техник хэрэгслийн туслалцаа үзүүлсэн ч Онцгой байдлын алба хаагчид байхгүй байсан бол амжилтгүй байх байсан. Энэ бол хамтын ажиллагааны харилцан ашигтай нэг хэлбэр юм” гэлээ.

Талууд болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлд 2017 оноос хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр ажиллаж, 2019 онд санамж бичиг байгуулж байв.  Өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн  бэхжүүлэхээр санамж бичигт тусгав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top