АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр  баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндийгөөр +5+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16+21 градус, бусад нутгаар +10+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 4-9 м/с, +12+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-ний өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар, 27-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +14+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. 26, 27-ны өдөр нийт нутгаар өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Шаргаморьтын эцэст хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 08:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:37 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:45 цагт очиход тус тоотод иргэн У-ын 3х6 метрийн хэмжээтэй амбаар, “Рав-4” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Алтай-Овоо багийн “Алтан-Овоо” хорооллын 4 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 13:40 цагт очиход тус тоотод иргэн М-ийн 6 тн орчим өвс шатаж байсныг 1 цаг 12 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 5 дугаар хороо, 12/Б байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн  14:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:03 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, “Айцийн даваа” гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:14 цагт очиход иргэн М-ын “Хино FC3” загварын ачааны автомашины хойд дугуйнууд шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам” гэдэг газар байшинд гал гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байсан бөгөөд байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хороо, “Жаргалант” тосгоны 50 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 23:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 44 км замыг туулан 23:36 цагт очиход тус байрны иргэн Д-ынд эд, хогшил шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Лүн багийн “Цэдгэрийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 35 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 12:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн 18 алба хаагчидтай хамтран мөн өдрийн 14:50 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Баянтал сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 425 га талбай шатсан.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Цагаан тохойн мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран түймрийн баруун, баруун урд, зүүн хойд талыг унтраасан, хойд талаараа хад асга ихтэй учраас асалт бага байна. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 га орчим талбай шатсан.

Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Суварган булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 174 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 17:47 цагт ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, 20:59 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатсан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян 2 дугаар багийн “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:25 цагт очиход,  Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч Д/22 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат/, зорчигч Л/50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат/ автомашины бүхээг дотороо хавчуулагдан нас барсан байсан тул 3 минут ажиллан цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Голын усанд суусан: Завхан аймаг, Алдархаан сум. Богдын гол багийн “Шавар хэрэм” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 10 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т/ “Чигэстэй” голын усанд автомашин живсэн тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 22:23 цагт очиход иргэн Ш-ийн “Т-50” загварын техник “Чигэстэй” голын усанд живсэн байсан тул 2 цаг 11 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top