АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 0…+5 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд зарим үед 12-14 метр. +14…+16 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-ний өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар, 27-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 24-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 25-ны өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +14+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. 26, 27-ны өдөр нийт нутгаар өдөртөө дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 14 дүгээр хорооны 18-1 дүгээр байрны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:12 цагт очиход тус байрны хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой). Билгэх багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:54 цагт очиход барилгын хашаанд 5 ханатай гэр шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Тариалан сум. Тарвагатай багийн “Адарган” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс хойд зүгт 23 км/-т хар лакны үйлдвэрт лак хайлуулах саванд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:06 цагт очиход хар лак хайлуулах 10 тонн багтаамжтай саванд 4 тонн хар лак шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 4 дүгээр хорооны Их нарангийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:00 цагт очиход эзэнгүй айлын 4 ханатай гэр, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 30 минут ажиллан унтрааж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Архангай аймаг, Эрдэнэбулган. Цагаан даваа багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 11 км/-т автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэбулган сум дахь Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 12:47 цагт очиход иргэн Б-ийн “Сангиёонг Истана” загварын бага оврын ачааны автомашины бүхээг хэсэг бүрэн шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар багийн Мангирт 1 дүгээр хэсэгт айлын хашаанд ургаа мод шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:48 цагт очиход иргэн Б-ын  хашаанд ургаа мод шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хорооны 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 14:50 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5х9 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хорооны Тахилтын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:04 цагт очиход иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшин, 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт 2 иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Архангай аймаг, Эрдэнэбулган. Арслан цохио багийн “Арслан цохио” хорооллын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:54 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянхангай багийн задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 04:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 04:25 цагт очиход иргэн Э-ын “Соната 6” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Цагаан тохойн Мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран 10.23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулж зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хонгорбулаг багийн “Хөлддөггүй нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах  47 дугаар ангийн алба хаагчид Асгат сумын мэргэжлийн ангитай хамтран мөн өдрийн 20:05 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулан 20:50 цагт бүрэн унтрааж тус аймгийн Асгат сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 4000 га талбай өртөж шатсан.

3. ГЕОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Газар хөдлөлт: Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Цагаан чулуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 138 км/-т 10.23-ны өдрийн 22:17:43 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Ус, шаварт суусан: Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хорооны “Дивизийн гарам” гэдэг газарт ачааны автомашин голын усанд суусан гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 10:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 10:50 цагт очиход ЗИЛ-131 загварын ачааны автомашин “Хэрлэн” голын усанд сууж иргэн Э/33 настай эрэгтэй, Багануур дүүргийн харьяат/, А/46 настай, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн харьяат/, А/28 настай, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат/ нар тус машины тэвш дээр гарсан байсныг 10 минут ажиллаж иргэдийг аварч тээврийн хэрэгслийг татан гаргасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум. Нарийн хүр багийн “Буман-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 14:58 цагт очиход иргэн О-ын “Ниссан Навара” загварын суудлын автомашин “Орхон” голд суусан байсныг 35 минут ажиллаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top