АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +4…+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +13…+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-30-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28, 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна.  30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 8 дугаар хорооны “Этүгэн” дээд сургуулийн хажууд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:03 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 15 дугаар хорооны 30 дугаар байранд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:33 цагт очиход тус байрны хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны Доод-Өлзийтийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:40 цагт очиход иргэн Б-ын хашаанд 2 тн өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Бугат сум. Бугын гол багийн “Буга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 18 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:41 цагт очиход иргэн М-ны хашаанд 9 тн өвс шатаж байсныг 1 цаг 36 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум. 8 дугаар багийн “Донойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, Бэрх тосгоноос баруун зүгт 32 км/-т айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Тахилгат тосгоны мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй очиход иргэн Б-ын 14 бог мал, 16х6 метрийн хэмжээтэй малын саравч, 300 боодол өвс, хураалттай аргал, малын бууц бүрэн шатаж байсныг 58 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 24 дүгээр хорооны Өвөр гүнтийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 18:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 18:42 цагт очиход иргэн У-ийн 4х7 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшингийн дээвэр шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Харсай 10 дугаар багийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:58 цагт очиход иргэн Б-ны 4х8 метрийн хэмжээтэй амбаарт 3.5 тн өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жаргалант багийн 7 дугаар гудамжинд мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:06 цагт очиход улсын дугааргүй, эзэмшигч нь тодорхойгүй мотоцикл шатаж байсныг 3 минут ажиллан унтрааж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 11 дүгээр хорооны Нарантуул 2 худалдааны төвийн баруун урд талд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:07 цагт очиход иргэн Э-ын 18х12 метрийн хэмжээтэй хоёр давхар нийтийн байрны 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Жаргалант багийн 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:55 цагт очиход иргэн Ц-ийн хашаанд хөр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Тарвагатай баг Ерөнхий боловсролын сургуулийн орчимд 10.26-ны өдрийн 12:00 цагийн орчимд сурагч “О” сургуулийн гадаа тоглож байгаад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг сумын Цагдаагийн хэсгээс мөн өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О/10 настай, эрэгтэй, Хүдэр сумын Баянцагаан багт оршин суугч/-г эрэн хайх ажиллагааг 10.26-ны өдрийн 16:51 цагаас эхлүүлж, мөн өдрийн 17:32 цагт тус сумын Баянцагаан багийн “Гайхан байр” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top