Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг “Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга тохиолдсон гамшгийн үеийн орон нутгийн хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд гурван үе шаттайгаар зохион байгууллаа.
Дадлага сургуульд оролцсон аймгийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга, алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын нийт 150 удирдах бүрэлдэхүүн “Ослын үеийн удирдлагын тогтолцоо”-оор газар хөдлөлт, цасан болон шороон шуурганы нөхцөл байдлыг үнэлэх штабын дадлага хийлээ.
Ингэснээр болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа ханган, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм.
Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон, дадлага сургуулийг онц дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.