АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас болон бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +2…+4 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны Товчооны замын 1 дүгээр гудамжинд сэндвичэн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 11:02 цагт очиход 6х15 метрийн хэмжээтэй бетон зуурмагийн бодис хадгалах агуулахад цахилгаан хуваарилах самбар, 12 м2 хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 33 дугаар хорооны “Бага шар хоолой”-н дунд төгөлд модон дотор байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан 18:40 цагт очиход “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хашаанд 3 га орчим шар өвс, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хэсэг хайрагдаж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Хэрх 4 дүгээр багийн Хөдөөгийн хэсгийн “Тэмээтийн хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 232 км, ангийн байрлалаас зүүн зүгт 8 км/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний 12:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 12:37 цагт очиход иргэн О-ийн 8х6 метрийн хэмжээтэй өвөлжөөнд хураасан 250 ширхэг боодол өвс шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 6 дугаар хорооны 56 дугаар байрны баруун талд ашиглагдахаа больсон барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:11 цагт очиход эзэн нь тодорхойгүй 14х10 метрийн хэмжээтэй барилга дотор хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг.15 дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.  

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Алтай-Овоо багийн “Чандмань” хорооллын 9 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:12 цагт очиход иргэн Г-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 9 дүгээр хорооны Дэнжийн 58 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:43 цагт очиход иргэн А-ын 1 давхар нийтийн байрны 28 м2 өрөө, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баянцагаан сум. Дэлгэрэх багийн “Дэлийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 235 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 65 км замыг туулан 22:48 цагт очиход өвөлжөөний 3х3 метрийн хэмжээтэй хөр бууц шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 1 дүгээр хорооны “Синдран гарден” хотхон оффисын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:54 цагт очиход тус барилгын 1 дүгээр давхарт цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хадын булаг багийн “Нүхт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид сумын мэргэжлийн ангитай хамтран 2 цаг 30 минут ажиллаж 17:10 цагт цурамд оруулан 17:50 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт тус сумын Хөндлөн хайлааст багийн малчин О-ийн хаваржаа, өвөлжөө, намаржаа, 20 тонн өнжмөл өвс болон нийт 600 га орчим талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top