АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар,Төв, Завхан, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4+1 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +3+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +16+21 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, +5+7 градус дулаан байна

Төлөв байдал: 2-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-ны өдөр Алтайн салбар уулсаар, 3-ны өдөр нутгийн баруун хагаст, 4-ний өдөр говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -6-11 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө -3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Хэнтий аймаг, Дадал сум. Онон багийн “Барчийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ 10.16-ны өдрийн 14:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 10.31-ний өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Иргэн М-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатсаныг Дадал сумын 21 иргэн 3 цаг 10 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг иргэн А аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймаг, Ханх сум. Турт багийн 10 дугаар гудамжинд 10.31-ний өдрийн 16:40 цагийн орчим байшин, амбаар шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Иргэн З-ын 6х13 метрийн хэмжээтэй байшин, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатсаныг Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0330 дугаар салбарын алба хаагчид Ханх сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран 2 цаг 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Гавшгай багийн “Дөмбөн” хорооллын 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:16 цагт очиход тус тоотод иргэн Ю-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 49 минут ажиллаж унтраасан.   

Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Эрдэнэмандал багийн 10 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.31-ний өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:33 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн “Тоёота-Аурис’’загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Тэс сум. Зүр багийн 6 дугаар хэсэгт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 03:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:10 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 метр урттай хашаа шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Завхан аймаг, Улиастай сум. Жинст багийн Холбооны 24 айлын байранд бага насны хүүхэд гараа халаалтын паарны завсар хавчуулсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:54 цагт очиход А/8 настай, эрэгтэй/ баруун гараа паарны засвар оруулаад гаргаж чадахгүй байсныг 36 минут ажиллан гаргасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжинд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.31-ний өдрийн 19:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б/эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн/ хавчуулагдаж нас барсан байсан тул 43 минут ажиллан цогцсыг гаргаж,   аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top