Өнгөрсөн зун тохиолдсон цаг агаарын аюулт үзэгдлийн тоо давтамж бүх цаг үеийн дээд үзүүлэлтүүдийг дараалан эвдээд байна.
Жишээ нь:
Их Британийн бүс нутгийн агаарын хэмийг хэмжих 97 агаарын температур хэмжигч төвийн 72-т нь хэт халалтын дээд үзүүлэлтийг давсан нь бүртгэгдэв. Долоодугаар сарын эхний долоо хоногт дэлхийн дундаж температур +47 хэмд хүрч, манай гарагийн түүхэнд байгаагүй халуун өдрүүд тохиов. 2016 оны +43 хэмийн дээд түвшинг давсан үзүүлэлт байлаа.
Грект гарсан ой, хээрийн түймрээс нэг мега тонн CO2e нүүрстөрөгчийн дутуу исэлийг ялгарсан байна. CO2e гэдэг нь метан зэрэг хүлэмжийн хийг агуулсан нүүрстөрөгчийн ялгаруулалтын тооцоо юм.
Итали улсын ихэнх хотод аюулын улаан түвшин зарлахад хүрсэн, жуулчид +40 гаруй хэмийн хэт халалтад өртсөн.
Грекийн хамгийн алдартай, жуулчдын анхаарлыг татдаг Афины Акрополис түүхэн дурсгалт газрыг зорьсон жуулчид хэт халалтаас үүдэн амь насаа алдах эрсдэл үүссэн тул түр хугацаанд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрчээ.
Чулуужсан түлш буюу нүүрс түлэх нь агаар мандлын халалтыг үүсгэж Европын өмнөд хэсэгт 2.5 хэмээр цаг агаар халсан.
Хятад, Филиппин зэрэг улс оронд долоодугаар сарын 26-ны өдөр хүчтэй аадар бороо орж, хар салхи шуурав. Доксури хар салхи Зүүн Азийн эрэг орчмын хотуудыг долоо хоногийн турш дайран өнгөрсөн. Доксури хар салхины хурд 240 км/ц хүрч, нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нийт 15 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан. Хятад улсын нийслэл Бээжин хотод орсон хур тунадасны хэмжээ 140 жилийн түүхэн дэх дээд түвшинг давсан тохиолдол юм.
Дулаан температур нь хар салхин үүсэхэд илүү таатай нөхцлийг бүрдүүлдэг. Хар салхи болохоос өмнөх хэдэн сарын турш Хятад, Өмнөд Солонгос болон Зүүн Азийн бусад бүс нутагт халууны давалгаа дээд хэмжээнд хүрсэн байсан. “World Weather Attribution” багийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс Хятад улсад долоодугаар сард халах магадлал 50 дахин ихсэх талаар урьдчилж мэдэгдэж байжээ.
Хавайн Мауи арал гал түймрийн аюулт үзэгдэлд 388 амь үрэгдэж, сураггүй алга болсон. Нийтдээ 2200 гаруй барилга байгууламж шатаж, сэргээн босгох зардал нь 5.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Канадын хээрийн түймэрт 15.6 сая га талбай шатсан нь Англи улсын газар нутгийн хэмжээтэй дүйцэхүйц талбай юм. Нийт 4.4 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.
АНУ-ын Калифорни мужид наймдугаар сарын 21-нд болсон халуун орны шуурга нь сүүлийн 84 жилийн хугацаанд анх удаа болсон хүчтэй тохиолдол байв. Хар салхины улмаас тус мужийн 26 сая хүн үерийн аюулд өртсөн. Лос-Анжелес хотыг бүхэлд нь дайран өнгөрч, үерийн гамшигт нэрвэгдсэн 25 мянган айл өрх тог цахилгаангүй болж нийт 5-7 тэрбум ам.долларын хохирол учруулсан байна.
Орчуулсан Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: ВВС