Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 метрийг давж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч, Монгол Алтайн уулархаг нутгаар -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 0…+2 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь, талын нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Хал голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Буянт-Ухаа”-гийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 09:55 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн 1 дүгээр гудамжнид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Дүүрэг”-ийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 23:04 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Хангамж”-ийн 2 дугаар гудамжинд байшин шатаж гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 03:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Автозамын тээврийн осол: Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 63 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top