Ж.Ганбаатар: Та бидний унадаг автомашин гэхэд л бидэнд гамшиг тарьж байдаг

9X1A2689.jpg

“Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс нэмэгдлээ”, “Хүнд металлын агууламж хэтэрсэн байна”. Иймэрхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн сэдвийг чимсээр удлаа. Үнэндээ Улаанбаатар хотын хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн байдаг ажээ. Тэр дундаа та бидний унаж яваа автомашин бидэнд дааж давшгүй гамшгийг үүсгэж байдаг гэнэ.

Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төв, ОБЕГ-аас хамтран зохион байгуулж буй ‘Хүнд метал бүхий хог хаягдлын байгаль орчин, Улаанбаатар хотын хөрсний бохирдолд үзүүлэх хор нөлөө, дахин боловсруулах, хэрэгжүүлэх арга зам’ сэдэвт олон улсын семинарын үеэр Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар онцоллоо.

Түүнчлэн тэрбээр “Бид агаарын бохирдол, хөрсний бохирдол хэмээн ярьдагч энэ бүх бохирдлын үндсэн суурь болж байгаа хөрсний хүнд металлын бохирдлыг бараг ярихгүй байна. Энэ чиглэлээр сүүлийн хоёр жил Иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийсэн. Энэ судалгаа шинжилгээндээ тулгуурлан хүнд метал бүхий хог хаягдлын байгаль орчин, Улаанбаатар хотын хөрсний бохирдолд үзүүлэх хор нөлөө, дахин боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг олохын тулд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа юм. Энэ хуралд сүүлийн хоёр жил судалгаа хийсэн Японы хоёр дээд сургууль, Солонгосын хоёр дээд сургуулийн эрдэмтэн, доктор, профессорууд оролцож байна. Тэд хараат бусаар хийсэн шинжилгээнийхээ дүгнэлтийг энд танилцуулж байна. Уг чанартаа та бидний унадаг автомашин гэхэд л бидэнд гамшиг тарьж байдаг. Японы хос хөдөлгүүр автомашиныг бид үнэ хямд, бензин бага иднэ гээд аваад л байдаг. Гэтэл яагаад япончууд хос хөдөлгүүрт автомашинаа гадагшаагаа их гаргадаг юм бэ гэдгийг боддоггүй. Үнэндээ бол япончууд түүнээс үлдэх хогны өндөр эрсдэлийг бусдад даатгачихдаг юм байна л даа. Тиймээс энэ төрлийн автомашинаа гадагш нь ихээр экспортолдог. Тэгвэл Монголд акумлятор боловсруулах хоёрхон үйлдвэр байгаа. Гэхдээ тэдгээр нь хууль бус. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, эрхзүйн орчны албан бичгүүд нь  зөрчилтэй. Гэтэл тэдгээр үйлдвэрүүд ажиллах хэрэгтэй байдаг. Гэхдээ нэг асуудлыг шийдэхийн тулд бусдад хор хохирол учруулж болохгүй. Тэгэхээр энэ асуудлууд дээр хийсэн шинжилгээний үзүүлэлтүүдийг энэ семинар дээр гол асуудал болгож ярьж байгаа юм. Энэ акумляторын үйлдвэрүүд Налайх, Хонхор гэсэн газруудад усны ай савд байгаа нь цаашдаа Улаанбаатарт том эрсдэл дагуулах магадлалтай. Хоёрдугаарт автомашины тос, акумляторын хүхрийн хүчлийн бохирдол өнөөдөр асар их байна. Үүнийг бид мэддэггүй” хэмээн ярилаа.

Энэ бүгдээс урьдчилан сэргийлэхийн үйл ажиллагааны хүрээнд Гамшгийн эсрэг үндэсний төвөөс ОБЕГ-тай хамтран энэхүү олон улсын семинарыг зохион байгуулж байгаа аж.  Тус семинараар агаарын бохирдол, хөрсний бохирдлын үндсэн суурь болсон хөрсний хүнд металлын бохирдлын дүн шинжилгээ бусдадаа яаж нөлөөлдөг вэ гэдгийг тодруулж гаргаж ирснээр эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх гарцыг олж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийнхаа заалтыг биелүүлэх боломжтой болох юм гэж тус семинарын зохион байгуулагчид үзэж байгаа юм байна.

scroll to top