Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7-12 градус  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3+2 градус дулаан, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, -9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-ний өдөр Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгаар 16-18 м/с, 9-ний өдөр говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29-34 градус, өдөртөө -16-21 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус, өдөртөө -1-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17-22 градус, өдөртөө -8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 21:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цагаан давааны 57 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

– Голын усанд осолдсон: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн “Өргөн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э “Приус 30” загварын автомашиныг жолоодож яваад “Хэрлэн” голын усанд унаж, автомашины жолооч Э /53 настай, эрэгтэй/, зорчигч Б /54 настай, эрэгтэй/, Ч /53 настай, эрэгтэй/ нар сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан тул автомашиныг уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Иргэн Ц.Чинзориг нь сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн очсоны дараа нас барсан тухай мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Цайдам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т/ 11.06-ны өдрийн 13:00 цагийн орчим “Цайдам” гэдэг газраас Сүмбэр сумын чиглэлд суудлын автомашинтай явсан 6 хүн сураггүй байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Г, Н, Б , А, А, А нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 05:30 цагт Сүмбэр сумаас зүүн зүгт 42 км-т “Цайдам” гэдэг газар малчин Н-ийнд эсэн мэнд очсон байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас, голын усанд суусан: Төв аймгийн Эрдэнэ сумын Оргил 1 дүгээр багийн “Ар жанчивлан” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Тоёота-Ист” загварын суудлын автомашин эвдэрч явах боломжгүй байсан тул автомашиныг нь орхиж, 4 зорчигчийг Налайх дүүрэгт авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Бага-Өлт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Завхан аймгийн Их-Уул сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч цасанд суусан тухай  дуудлагыг 11.06-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Тоёота пробокс” загварын суудлын автомашин замын хажуугийн цас руу өнхөрч суусан байсан тул автомашиныг татан гаргасан бөгөөд явах боломжгүй тул орхиж, иргэн Г, Д нарыг Тосонцэнгэл суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Доод харганы шар жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ Тосонцэнгэл сумаас “Нарийн даваа” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 7 зорчигчтой ачааны автомашин “Цоохор”-ын голын усанд суусан тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 01:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Киа серес” загварын ачааны автомашин “Цоохор”-ын голын гармаар гарч байгаад усанд суусан байсныг 1 цаг ажиллан татан гаргасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр багийн Галуутын гарам” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 04:25 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлынхэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын Хьюндай портер загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 5 минут ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top