“Эрсдэлийн үндэсний форум” 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна

viber_image_2023-11-07_09-57-46-626.png

Эрсдэлийн үндэсний форум 14 дэх жилдээ Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдах гэж байна.

Тус форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ.

Энэ удаад “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар хамтран улсын хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөсөн онцлогтой болох юм.

Форум:

  • Нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд
  • Гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа
  • Эдийн засгийн эрсдэл түүнийг удирдах, шилжүүлэх санхүүгийн бодлого
  • Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээ гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд болно.

Форумын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцоно.

Эрсдэлийн форумыг өнгөрсөн 13 жилийн хугацаанд “Мандал” санхүүгийн нэгдэл тасралтгүй зохион байгуулсан бөгөөд эрсдэлийн талаарх 100 орчим илтгэл, 150 панелистуудын оролцсон хэлэлцүүлэг, 13 удаагийн эрсдэлийн тайланг эмхлэн гаргажээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top