Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Төв, Увс, Сэлэнгэ аймгийн нутгаар цас болон нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -12…-17 градус, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7…-12 градус  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Уулаараа ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -16…-21 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 14 дүгээр хорооны Хайлаастын 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 07:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:17 цагт очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. Нэгдүгээр багийн Чулуут хэсгийн 4 дүгээр гудамжны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:20 цагт очиход иргэн О-ийн 6х4 метрийн хэмжээтэй зуны амбаар шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 21 дүгээр хорооны Горькийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:47 цагт, хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид 21:04 цагт очиход иргэн Д-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн, иргэн Ц-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эзэн нь тодорхой бус 3х4 метрийн хэмжээтэй гараашны дээврийн хэсэг хайрагдаж тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 9 дүгээр багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 85 км, сумын төв/-т өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:55 цагт очиход иргэн Б-ийн нэг тн өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймаг, Сагил сум. 5 дугаар багийн “Хар мод” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 61 км, сумын төв/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 00:29 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсныг хана, дээврийн хэсэгт задаргаа хийж 3 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраасан. Уг гал түймэрт иргэн Б/эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 25 иргэн, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч ажилласан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны Сонсголонгийн гудамжинд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 03:15 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4.7 км замыг туулан 03:24 цагт, хүч нэмэгдүүлэн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 03:39 цагт очиход иргэн Д-ийн 50х20 метрийн хэмжээтэй сендвичин байшингийн дээврийн хэсэг, 8х3 метрийн хэмжээтэй харуулын байр тус тус бүрэн шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд /Говьсүмбэр аймгийн төвөөс 100 км/ 11.07-ны өдрийн 16:30 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 00:11 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Киа Бонго-3” загварын автомашинтай зорчиж явсан иргэн У/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:10 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

4. УС, ЦАГ УУРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Цас, нойтон цас: Төв аймаг, Эрдэнэсант сум. 11.03-ны өдрөөс 11.05-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон нутгийн зам, даваа хаагдаж, мал бэлчээрлэх боломжгүй болж нөхцөл байдал хүндэрсэн мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэх шийдвэрийг 11.07-ны өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top