Ж.Зоригт:Цэргийн байгууллагад 20 жил ажиллахдаа энгийн ажилтан ч гэлээ хариуцлагатай, дэг журамтай байхад суралцсан

viber_image_2023-11-08_08-59-44-857.jpg

Зоригоо. Зоригоогүй юм ОБЕГ-т үгүй. Мужаан, цэцэрлэгч, цэвэрлэгч, зүлэг тэгшлэгч гээд бүхнийг амжуулна. Хананд эд зүйл тогтоох, гацсан эвдэрсэн бүхэнд дуудна. Түүнийг ээлжийн амралтаа авчихвал байгууллагын мод, зүлэг эзэнгүйднэ, хатна. Тиймээс хэн нэгэн хүн олж хариуцуулж өгч байж тайван явж чаддаг гэсэн. Өнөөдөр ч “Мод нэмж тарихгүй бол ганц нэг мод хөгшрөөд ургахаа больж. Хавар санхүүгийнхэнд хэлнэ дээ” гэсээр хөлсөө шударсаар явна лээ. Арын албаны “аврагч” ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн ажилтан, Жигжавын Зоригтыг #Nematimes буландаа урьлаа.

Онцгой байдлын байгууллагад анх 2003 онд ажилд орж байлаа. Намайг ороход Иргэний хамгаалалтын газар нэртэй байсан юм. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Даш, бригадын генерал Ц.Амгаланбаяр, хурандаа Т.Дуламдорж, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян нартай хамтран ажилласан. Дандаа генералуудтай ажилладаг гэж бахархан ярих дуртай.

Өөрөө өмсдөггүй ч Онцгой байдлын албаныхаа дүрэмт хувцсанд маш дуртай. Энд тэнд галын машин явж байхтай таарахаар найз нөхөд маань “Танай машин явж байна” гэдэг юм. Би ч “Тийм ээ, манай машин” л гэдэг. Энэ байгууллагад 20 жил ажилласан болохоор манай гэхээс өөр яах билээ.

Би уг нь Улаанбаатарт төрсөн. Аавын нутгаар Дорнодынх гэж явдаг. Дорнодод наймдугаар ангиа төгссөн. 1999 онд Улаанбаатарт шилжиж ирсэн юм. Одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Гэр Орбитод байдаг болохоор замын түгжрэл эхлэхээс өмнө ажилдаа амжих гээд өглөө 6:10 цагийн автобусанд суучихдаг юм. 20 жил ингэж явлаа, болж л байна. Сайхан байна. Цэргийн байгууллагад ажиллаад хариуцлагатай, дэг журамтай ажиллаж, амьдарч сурчээ.

scroll to top