Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ

643A0745.jpg

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдэлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдэлийг  шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгуй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч  хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын ивээл дор  “Эрсдэлийн Үндэсний Форум”-ыг 14 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

“Эрсдэлийн Үндэсний Форум”-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд Монгод Улсын Шадар сайдын  ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Мөнх-оргил, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, “Мандал санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Т.Батзул  нар оролцсон юм.

Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай  хамтран “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулах тус форумд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцох юм.

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх тус форумын эхний өдөр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, аж ахуйн нэгж,  бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хэвлэл мэдээллийн болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хуралдааныг зохион байгуулна.

Хоёрдахь өдөр нь  төрийн болон мэргэжлийн  байгууллагууд оролцох ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг тооцон хөгжлийн оновчтой бодлого, алсын хараа, авсан сургамжид суурилан гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх зорилтын хүрээнд үргэлжилнэ.

Харин гуравдахь өдрийн хуралдаанд төр, иргэнийн нийгэм, бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний судалгааны болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож, нийт хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлөх эрсдэлийг тодорхойлох, тэдгээрийг бууруулахад шаардлагатай бодлого, хууль эрх зүйн орчин, стандартын асуудлуудыг хэлэлцэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

https://www.youtube.com/watch?v=9YkCYRO7N8k

scroll to top