Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Увс аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +5…+10 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар +1…+6 градус дулаан, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

Төлөв байдал: 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-20-нд Алтайн уулархаг нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -3…-8 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 9 дүгээр байрны гадаа хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4 дүгээр багийн “Бумбын-Овоо” 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.16-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2×3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Дарь-Эхийн 4 дүгээр хэсгийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.17-ны өдрийн 00:33 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т 11.16-ны өдрийн 11:00 цагийн орчим малчин З нь малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд тус сумын харьяат малчин З /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:10 цагаас зохион байгуулж гэрээс нь баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар малтайгаа төөрсөн байсныг эсэн мэнд олж эхнэр Т-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top