Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, аймгийн нутгаар цас орсрн.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ,цас орно, салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с, -3…-5 градус хүйтэн байна.

   Төлөв байдал:   22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25..-30 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Могойт дэнж”-ийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х8 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.20-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 4тн өвс шатаж байсныг унтраасан.  

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ:

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн “Агуйт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Суудлын автомашин эвдэрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг 11.21-ний өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Л “Приус-10” загварын суудлын автомашинаар Сонгино сумаас Улиастай сумын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж яваад автомашин нь эвдэрсэн байсан тул 03:20 цагт зорчигчдыг Сонгино сумын төвд авчирсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top