Г.Ариунбуян:Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон талуудын оролцоо шаардлагатай байна

DSC1592-1.jpg

Эрсдэлийн үндэсний форумын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхийн болон үндэсний түвшний гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, хандлага” сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрбээр илтгэлдээ “Хүн төрөлхтөн хөгжлийн явцдаа байгалийн болон хүний үйл ажиллагаантай холбоотой олон эрсдэл, бэрхшээл, сорилыг даван туулсаар ирсэн билээ.  2021 оны зун дэлхийн хамгийн халуун зун хэмээн бүртгэгдсэн бол гурван жилийн дараа үнэмлэхүй үзүүлэлт дахин шинэчлэгдэж, дэлхийн хамгийн халуун зун 2023 оны зун боллоо. Энэ оны 7 дугаар сар дэлхийн хамгийн халуун сараар тэмдэглэгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа манай орны хувьд 2023 оны тавдугаар сар нь 1979 оноос хойших хамгийн их хүйтэн бөгөөд хамгийн их тунадастай сараар бүртгэгджээ. Энэ сард зүүн аймгийн нутаг дэвсгэрт зарим газраа 26-32м/с хүчтэй цасан шуурга болж, гамшгийн хэмжээнд хүрч ихээхэн хэмжээний хохирол дагууллаа.  Мөн долдугаар сар нь зуны хамгийн их хур бороотой сар болж өнгөрсөн байна. 2023 оны зун 18 аймгийн 57 сум, нийслэлийн хэмжээнд үерийн нийтдээ 107 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.

1940 оноос хойш тохиолдож байгаа хамгийн дулаахан сар 10 дугаар сар нь өнгөрсөн. Гэтэл намрын сүүл сард эрс хүйтэрч, ихээхэн хэмжээний цасан шуурга удаан хугацаагаар буюу 22 цаг хүртэл шуурсан нь 2016 оноос хойших анхны тохиолдол байна. Өвөл болохын өмнө 11 дүгээр сард нийт 8 иргэд, түүний дотор 1 хүүхэд амь насаа алдсан нь харамсалтай юм. Дэлхийн улс орнуудад учирч болзошгүй эрсдэлийг түүнээс үзүүлэх хохирлын нөлөөлөлд суурилан  эрэмбэлсэн үнэлгээгээр “Байгалийн болон ус, цаг агаарын гаралтай  гамшиг”-ийн эрсдэл 2 дугаар байрт бичигдсэн байна.

Бид эрсдэлийн төлөв байдал, хандлагад тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон талуудын оролцоотойгоор улс, орон нутгийн хэмжээнд системийн түвшинд гүйцэтгэх ажлыг хурдасгах нь чухал юм. Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжил, техник технологийн хувьсал нь бидний өнөөдрийн ажлын хурд, бэлэн байдлын чадавхаас илүү хурдан байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байна. Стандартыг мөрдөн багасгах боломжтой эрсдэлийг багасгах, зарим эрсдэлээс зайлхийх, хуваалцах, шилжүүлэх, цаашлаад бууруулж, урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэлд бэлэн байх шаардлагатай байна” гэлээ.

scroll to top