Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Эрсдэлийн үндэсний форум “Гамшгийн бэлэн байдал” сэдвээр үргэлжилж байна.
Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэл бас стандарт”, Эрчим хүчний дэд сайд Б.Баярмагнай “Эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт”, нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын үерийн эрсдэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Бригадын генерал Б.Ууганбаяр танилцуулсан илтгэлдээ “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.14-т “бэлэн байдал” гэж гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг хэлдэг. Бэлэн байдал нь улсын, орон нутгийн, хувийн хэвшлийн, хүй элгэн, хамт олон, өрхийн, иргэний гэсэн цар хүрээтэй. Гамшгаас хамгаалах төлөвлөлт бол болзошгүй аюул, ослын тохиолдох магадлал, хор хөнөөлийг урьдчилан таамаглаж, нөхцөл байдлыг хүндээр төсөөлж, боломжит нөөцөд тулгуурлан хариу арга хэмжээг тодорхойлохыг хэлнэ.
Гамшгийг тэсвэрлэх чадвар нь Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндсэн бүтэц, үйл ажиллагааны хамгаалах, сэргээн засварлах замаар тохиолдсон гамшгийн аюулын үр дагаврыг даван туулах, шингээж авах, дасан зохицох, шилжүүлэх, сэргээн босгох ажлыг шуурхай, үр ашигтай зохион байгуулах чадвар юм. Тиймээс Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна” гэлээ.