Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, Халх голын саваар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Идэр, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор -1…-6 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд говь, тал, хээрийн  нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25..-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Тоосгоны 5 дугаар гудамжны 54А тоот байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 07:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 07:48 цагт очиход иргэн Ц-ын 7х6 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Минжийн хангай баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, ангийн байрлалаас баруун зүгт 2 км/-т зөөврийн түц шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:13 цагт очиход иргэн Г-ын эзэмшлийн 2.5х5 метрийн хэмжээтэй зөөврийн түц шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. “Аххыстау” 8 дугаар багийн 101 дүгээр гудамжинд “Шашу” нэртэй хүнсний дэлгүүрээс гал гарч байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Ж-ын 10х12 метрийн хэмжээтэй дэлгүүрийн 3х6 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Уурхайчдын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлагыг 11.22-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:49 цагт очиход иргэн О-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум. Замын шанд багийн Дэнжийн 126 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 126 км/ гэр шатсан тухай мэдээллийг 11.22-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус сумын 30 иргэн 20:10 цагт очиж 30 мин ажиллаж 20:40 цагт гал түймрийг бүрэн унтраасан. Тус гал түймэрт иргэн Т-ийн 4 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатсан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгээс мэдээлсэн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.22-ны өдрийн 20:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:32 цагт очиход иргэн О-ын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т 8 хүн самар түүж явсанаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид сум дундын Цагдаагийн хэлтсийн 5 алба хаагчид орон нутгийн 7 иргэнтэй хамтран иргэн Г/33 настай, эрэгтэй, Мандал сумын Баянсуудал багийн Хараагийн гудамжинд оршин суугч/-ийг эрэн хайх ажиллагааг 11.22-ны өдрийн 10:29 цагаас “Байшинт” гэдэг газар 2 км-ын тойрогт зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 18:06 цагт зогсоосон. 11.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Өлзийтийн гудамж. Иргэн С нь шөнө дунд гэрээсээ гараад алга болсон тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн С/38 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г 16:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:44 цагт гэрээс нь зүүн зүгт 1 км зайд тус дүүргийн 14 дүгээр хороо, “Бугын-Ам” гэдэг газраас уулын бэлд цасанд дарагдсан байдалтай цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн  “Салхин парк” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км/-т Суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 11.22-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 15:54 цагт очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд-Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ний эзэмшлийн “Тоёота Вангуард” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг 26 минут, тус сумын 6 дугаар багийн “Офицеруудын баруун замын төгсгөл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 4 км/ О/38 настай, эмэгтэй/ эзэмшлийн “Приус-20” загварын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж тус тус татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top