Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сүхбаатар аймагт ажиллалаа

IMG_6101.jpeg

Цаг агаарын аюулт үзэгдэл үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Сүхбаатар аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Мөн малчин айл, өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан юм.

Сүхбаатар аймаг нийт 13 сумтайгаас өчигдрийн цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын үеэр 12 сумаас нийт 101 дуудлагаар 186 хүн төөрсөн мэдээлэл ирсэн. Өнөөдрийн байдлаар төөрсөн, сураггүй болсон иргэдийг бүгдийг нь эсэн мэнд олсон бөгөөд нэг иргэн хөнгөн зэргийн осголттой олдож, аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас тус аймгийн Онцгой болон цэрэг, цагдаагийн байгууллагын 41 бүлгийн 182 алба хаагч 24 цагаар ажилласан байна.

Сүхбаатар аймгийн нийт нутгаар цас орж, салхины хурд ихэнх нутгаар 12-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, агаарын температур 12-19 градус хүйтэн. Нийт хоёр хоногийн хугацаанд цаг агаарын аюултай үзэгдэл 12 цаг үргэлжилсэн байна

Цаашид энэ сарын 26-27-нд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул малчид, нийт иргэд сонор сэрэмжтэй байхыг орон нутгийн Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

scroll to top