Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -19…-24 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -12…-17 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдпын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -16…-21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах гэрэл зургийн студи байшингийн дээврээс гал гарч байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 5х5 метрийн хэмжээтэй гэрэл зургийн студийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 62 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 05:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдын очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /57 настай, эрэгтэй/ нурууны ар тал, Д /11 настай, эмэгтэй,/ гарын сарвууны ар тал тус тус түлэгдэлтэй байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн эмчид 06:55 цагт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Гоодойн-Ам байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 06:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10х14 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил бүрэн шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 324 км, сумын төвөөс баруун зүгт 24 км/-т 11.24-ний өдрийн 00:18 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарг, Байгаль хамгаалагч нараас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top