Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулс, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, -15…-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  29-нд Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12 дугаар сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 02-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 29 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 09:46 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 3х2 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн Задгай уурын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х12 метрийн хэмжээтэй уурын зуухны барилга шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 05:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн Хадан гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Р нь 18:00 цагт гэрээсээ мотоциклтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Р/45 настай, эрэгтэй/-ийг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 00:30 цагт тус багийн “Тариат” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон.     

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин О/36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.   

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Тээвэрчин”-ий 1 дүгээр гудамжинд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    

scroll to top