Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Завхан аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -11…-16 градус, Алтайн өвөр говиор 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд Увс нуурын хотгороор, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо барилгын гадна хучлага шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа 6 давхар барилгын 5, 6 дугаар давхарын гадна хамгаалалтын бүтээлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйстолгой багийн 112 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Замын-Үүд Улаанбаатар чиглэлд зам тээврийн осол болж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 05:52 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /36 настай, эрэгтэй/-ий , “Бенз” загварын автомашиныг, З /56 настай, эрэгтэй/-ын “Хино” автомашин мөргөж иргэн Д-ийн зүүн хөл нь автомашины эд ангид хавчуулагдсан, ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гарган Баян сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/-т Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн О /36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг 11.28-ны өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:30 цагт аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т “Асгат” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Төв аймгийн Баян сумын Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянцагаан сумын чиглэлд зорчиж явсан Портер загварын автомашин /3 хүүхэд, 2 том хүн/ цасанд сууж, төөрсөн тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хятадын дэрс” гэдэг газарт иргэн Н /45 настай эрэгтэй/-ийн “Портер” загварын автомашин цасанд сууж шатахуун нь дууссан байсныг 30 минут ажиллаж автомашиныг татан гаргаж 5 иргэнийг Багахангай дүүрэгт хүргэсэн.

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн “Зүрхэн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 205 км, сумаас баруун хойд зүгт 20 км/-т Суудлын автомашинтай 3 хүүхэд, 2 том хүн цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус сумын Баян багийн Засаг даргаар ахлуулсан алба хаагчид очиж тусаймгийн Иххэт сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын  чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргаж 3 хүүхэд, 2 том хүнийг автомашинтай нь сумын төвд хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top