Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас аж үйлдвэрийн IV хувьсгалын хүрээнд нэвтэрсэн шинэ техник, технологийн ололт амжилт, хиймэл оюун ухааныг Гамшиг судлалын салбарын судалгаанд ашиглах боломжийн талаар олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.
Тус хуралд улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, эрэн хайх аврах ажиллагаанд ухаалаг технологийг нэвтрүүлсэн болон нэвтрүүлэх боломжтой төрийн болон орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачид оролцох боломжтой бөгөөд эрдэм шинжилгээний өгүүллийг 2023 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл хүлээн авна.
Эрдэм шинжилгээний хурал нь гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээний талаарх эрдэм шинжилгээ, судалгааны онол, практикийн ач холбогдлыг тодорхойлж, сэдэв, чиглэлийн дагуу зөвлөмж боловсруулан, эрдэм шинжилгээ, судалгаа, практик үйл ажиллагааны эргэлтэд оруулж, эмхтгэл болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгон түгээх ач холбогдолтой юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.