Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цагагаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар -9…-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор -1…+4 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар, 3,4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: 18 дугаар хорооны 12 дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:06 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Алдархаан сум. Өгөөмөр багийн “Жижиг борх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 61 км, сумын төвөөс баруун зүгт 32 км/-т 11.27-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим гэр шатсан тухай мэдээллийг 11.28-ны өдрийн 10:46 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин О-ын 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Алдархаан сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын  газарт мэдээлсэн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 3 дугаар хорооны Нарангийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 06:24 цагт очиход иргэн О-ын 6×11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. Гал түймрийн голомтоос иргэн О/59 настай, эмэгтэй/-ыг гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Сансар багийн Төгрөгийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 07:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:00 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. Малчин багийн “Хөтөл” хорооллын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:20 цагт очиход иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй модон 2 давхар байшин бүрэн шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багийн Майхант 8 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:50 цагт очиход иргэн Х-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 3 дугаар хорооны 12 дугаар хорооллын 52 дугаар байрны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:26 цагт очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 иргэнийг гаргасан.

3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Голын мөс цөмөрсөн: Завхан аймаг, Их-Уул сум. Үржил багийн “Гүнжийн хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун зүгт 10 км, Тосонцэнгэл сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т 3 зорчигчтой суудлын автомашин “Идэрийн гол”-ын мөсөнд цөмөрч, суусан тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 19:13 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг туулан 21:35 цагт очиход иргэн Л-ын “Тоёота Прадо-95” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрсөн байсныг 1 цаг 29 минут ажиллаж татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т 8 хүн самар түүж явсанаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. 11.29-ний өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон. 11.30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр хөдөлгөөн үйлдэнэ.

Ховд аймаг, Мянгад сум: Баянхошуу баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км, сумын төвд/ 11.25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран 11.28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н/63 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Хэнтий аймаг, Батноров сум. Бэрх 7 дугаар багийн “Нарангийн-Энгэр” гэдэг газар /аймгийн  төвөөс зүүн хойд зүгт 65 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/-т Дорнод аймгийн Баян-уул сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 57 зорчигчтой /том хүн 47, хүүхэд 10/ автобус цасанд суусан тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид Бэрх тосгоны мэргэжлийн ангийн 5 хүнтэй хамтран 20:30 цагт очиж зорчигч тээврийн “Киа Гранбөрд” загварын автобус цасанд суусан байсныг 2 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Сайхан багийн “Мянган модот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 60 км/-т 2 зорчигчтой /том хүн 1, хүүхэд 1/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 21:36 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 60 км замыг туулан 00:10 цагт очиход иргэн А/47 настай эрэгтэй/, Х/15 настай, эмэгтэй/ нар “Хьюндай Портер” загварын ачааны автомашинтай цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top