1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Төв, Увс, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, 10-28 м/сек хүртэл хүчтэй цасан шуурга болсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -10…-12 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 6-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 14-16 метр, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 27 дугаар хороо, 49 дүгээр байрны хоёрдугаар орцны Зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 23:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 23:25 цагт гарч 3 км замыг туулан 23:30 цагт очиход тус байрны зоорийн давхарт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Батсүмбэр сум. Мандал багийн Суваргын 10 дугаар гудамжны 17 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 122 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 13:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 13:44 цагт очиход иргэн Г-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 6 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Дарви сум. Булган багийн 4 дүгээр гудамжны 412 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт 206 км, сумын төвд, Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 67 км/-т дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 67 км замыг туулан 17:28 цагт очиход иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Зам, тээврийн осол: Увс аймаг, Зүүнговь сум. Зэлийн гол багийн “Систем” гэдэг газар автомашин онхолдож автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 05:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 07:15 цагт очиход иргэн Г-ын эзэмшлийн “Бонго” загварын автомашин автозамын хажуу руу онхолдсон байсныг 15 минут ажиллаж татан гаргаж автомашиныг Баруунтуруун сум руу чирч хүргэсэн. Иргэн Г-ын биеийн байдал хэвийн.
Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймаг, Баянтэс сум. “Бужир” багийн “Цэцэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн урд зүгт 76 км/-т 12.04-ний өдрийн 16:50 цагийн орчим малчин М гэрээсээ малдаа морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хоёр хүнтэй хамтран малчин М/46 настай, эрэгтэй/-ыг 12.04-ний өдрийн 19:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 19:33 цагт гэрээс нь урд зүгт 8 км-т “Цэцэнгийн зүүн-Урд” гэдэг газраас малаа хариулаад явж байхад нь олсоноор эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Баян-Улаан багийн “Ар тээлийн-Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 210 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т 12.04-ний өдрийн 15:00 цагийн орчим иргэн Э автомашинтай Тосонцэнгэл сумаас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 22:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 23:00 цагт “Хужирбулан” гэдэг газар иргэн Э/50 настай, эрэгтэй/ “Бонго пронтер” загварын ачааны автомашинтай цасанд суусан байсныг олж 40 минут ажиллаж автомашиныг татан гаргаж гэр бүлд нь хүлээлгэн өгсөн.
Увс аймаг, Бөхмөрөн сум. 3 дугаар багийн “Байшинт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойш 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/-т 12.04-ний өдрийн 13:00 цагийн орчим иргэн О гэрээсээ автомашинтай гараад сураггүй байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 4 ажилтантай хамтран 04:00 цагаас эхлэн иргэн О/26 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Завхан аймаг, Тэс сум. Дооно багийн “Холбоо толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 325 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/ 12.05-ны өдрийн 01:17 цагийн орчим Зүүнхангай сумаас иргэн Ш суудлын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 06:29 цагт очиход иргэн Ш/48 настай эрэгтэй/ “Тоёота Харриер” загварын суудлын автомамшин иргэн Н/30 настай, эмэгтэй/, А /4 настай, эрэгтэй/, А/6 сартай, эрэгтэй/-тай цасанд суусан байсныг 25 минут ажиллаж татан гаргаж, иргэдийг аюулгүй болгосон.
Цас шаварт суусан: Увс аймаг, Баруунтуруун сум. Баян-Айраг багийн “Алтан-Элс” гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т Ачааны автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 20:50 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашин /3 зорчигтой/ цасанд суусан байсныг 35 минут ажиллаж татан гаргасан.
Дорнод аймаг, Баянтүмэн сум. Цагаандэрс багийн “Найман антен” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд 18 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 35 км замыг туулан 20:50 цагт очиход иргэн Ц/52 настай, эрэгтэй/-ын “Карина” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 1 цаг 33 минут ажиллаж татан гаргасан. Автомашин хөдлөх боломжгүй болсон тул үлдээж иргэн Ц-ыг аймгийн төв рүү хүргэсэн.
Архангай аймаг, Цэнхэр сум. Алтан-Овоо багийн “Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км, сумын төвөөс хойд зүгт 25 км/-т 4 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 35 км замыг туулан 22:40 цагт очиход иргэн Т-ын эзэмшлийн “Пробокс” загварын автомашин /5 зорчигчтой/, иргэн И-ийн ”Портер” загварын автомашин /2 зорчигчтой/, иргэн Д-ын “Приус-20” загварын автомашин /3 зорчигчтой/, иргэн Г-ын “Королла фиелдэр” загварын автомашин /6 зорчигчтой/, нийт 4 автомашин, 16 иргэн цасанд суусан байсныг 50 минут ажиллаж автомашинуудыг татан гаргаж, иргэдийг аюулгүй болгосон.
Хэнтий аймаг, Хэрлэн сум. Цогт-Өндөр багийн “Харганатай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ иргэн Б/30 настай, эрэгтэй/, “Портер” загварын ачааны автомашинтай цасанд суусан тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 05:25 цагт ангиас гарсан.
4.УС, ЦАГ УУРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ
Салхи, шуурга: Ховд аймаг, Чандмань сум, Дарви. Баянхайрхан багийн “Засварын бууц”, “Хөх толгойн урд бууц”, “Овын бууц”, “Адгийн-Ашаат” Жаргалант багийн “Хөх толгой”, Дарви сум, Булаг багийн “Дарвын нуруу”, Дэлгэр багийн “Голын-Эх”, “Ширээнгийн хэрэгт”, Мөрөн багийн “Ширээ-Эх”, “Мөрөнгийн-Ам”, “Онхын хөндий”, “Цагаан шороот” гэдэг газруудад 12.04-ний өдрийн 14:00 цагийн орчим 26-28 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чандмань, Дарви сумын Засаг даргаар ахлуулсан 25 ажилтан, 7 автомашинтайгаар 15 өрх, айлын 13 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.
Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Далан-Үнээ”, “Өндөр бүүр”, “Орохын булаг”, “Булгийн тавьт” гэдэг газар 12.04-ний өдрийн 12:10 цагийн орчим 28 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 12:27 цагт очиж иргэн А, Ш, Х, Т, Б нарын 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.
Увс аймаг, Ховд сум. Шивэр багийн “Хатуу хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т 12.04-ний өдрийн 12:30 цагийн орчим 13-15 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 12.04-ний өдрийн 18:43 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 6 ажилтан, 35 км замыг туулан 13:01 цагт очиход иргэн С-ийн 6 ханатай гэр нурж унасан байсныг тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоож ажилласан.
Завхан аймаг, Цэцэн-Уул сум. Сангийн далай багийн “Цэцэнхайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 247 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 12.04-ний өдрийн 16:00 цагийн орчим 14 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг 12.04-ний өдрийн 18:40 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 7 ажилтан, 25 км замыг туулан 20:04 цагт очиход малчин Ч-ын 4 ханатай, 5 ханатай 2 гэр унасан байсныг тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоож ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР