Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан, Дорноговь, Дундговь, Завхан, Увс, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл  аймгуудад цас орж, 10-18 м/сек хүртэл хүчтэй цасан шуурга болсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс, Хяргас нуур орчим, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг халуун усны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Ө-н халуун ус газрын 50х14 метрийн хэмжээтэй барилгын сауны хэсгийн тааз шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог 4 дүгээр баг /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/-т тус аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 20:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Mercedes Benz ACTROS-2551 LS” загварын чиргүүлтэй  автомашин бүрэн шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Дадал сумын Онон 1 дүгээр багийн “Барчийн булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 14 км/-т 11.14-ний өдрийн 10:30 цагийн орчим 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 12.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн А-ын 4 ханатай гэр, эд хогшлын хамт 11.14-ний өдрийн 10:30 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг иргэн А аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 2 дугаар байрны 1 дүгээр орц гал гараад байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 45 м2 2 өрөө байрны үүдний хэсэг, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т 12.05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр Байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 05:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top