Шүхэрчин, уулчин, усчин, “мэргэн буудагч” Н.Цоггэрэлийг #Nematimes онцолж байна.
Нар-Очирын Цоггэрэл. Улаанбаатарт төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ээж намайг аравдугаар анги төгссөн жил Батлан хамгаалах их сургуулийн Ахлагчийн сургуульд хөтөлж оруулсан. Тэр үед миний хүсэл сонирхол, мөрөөдлийг огтхон ч асуугаагүй. Гэхдээ хүүгийнхээ ирээдүйн амьдралын замыг зөв чиглүүлж өгсөн. Ээжийн оруулсан сургуульд “Шүхэрчин-гал сөнөөгч” болж бэлтгэгдсэнээс хойш албандаа 21 дэх жилдээ зүтгэж явна.
Ахлагчийн сургуульд сонгож болохуйц хэд, хэдэн мэргэжлийн анги байсан ч өндөрт гарна, юмыг дээрээс харна гэдэг сонирхолтой санагдаад шүхрийн ангийг сонгов. Ахлах ахлагч Ж.Гантулга багш гардан, шүхэрчин болгосон. Одоо миний ажилладаг 101 дугаарын өрөөнд бүх шүхрээ хадгалж байна. Нийслэлийн прокурор байрлаж байгаа байранд анх шүхэр эвхэж сурсан. Шүхрээ зөв эвхэж сурч байж бууж сурдаг учраас шүхэр эвхэнэ гэдэг маш чухал ажил. Мөн түймрийн голомтод цаг алдалгүй, хамгийн түргэн шуурхай хүргэх тээврийн хэрэгсэл гэж үздэг. Сургуулиа төгсөөд одоогийн Үндэсний аврах бригад буюу Зэвсэгт хүчний 122 дугаар ангид томилогдон 17 жил ажиллажээ. Анги хөгжих, дэвжих явцад би ч бас давхар хөгжиж, ахлагчаас офицер, штабын орлогч хүртэл албан тушаал хашсан. Жаргал зовлонгоо хуваалцаж, өдий зэрэгт хүрсэн болохоор хамт олон минь, бас тэр хашаа үргэлж дотно санагддаг. Миний цэрэгжлийн спортын багш, тэр үеийн хошууч Ц.Баттулга багш манай ангид томилогдон ирж, дөнгөж сургууль төгсөж ирсэн би түүний нүдэнд өртөж спортын гараагаа анх эхэлж байлаа. Мөнгөн медаль надад их ээлтэй. Зэвсэгт хүчний Марш тусгай бэлтгэлийн тэмцээний буудлагын төрөлд 2013 онд Онцгой байдлын байгууллага анх удаа “Мөнгөн медаль” авч байлаа. 2022 онд дасгалжуулагчаар ажиллаж, удирдлагууд сайн дэмжсэний үр дүнд манай баг мөнгөн медалийг ихэрлүүлсэн. Өнгөрсөн жил уртын шумбалтын төрлөөр бас мөнгөн медаль авсан. 2004 оноос ОХУ-д болсон олон улсын аврагч тэмцээнд анх удаа дэд дарга, хурандаа Д.Намсрай, талийгаач хурандаа Ч.Намсрайжав нараар ахлуулсан Монголын баг оролцож байв. Манай аврагчид ОХУ-ын Иргэний хамгаалалтын сайдын нэрэмжит 3 км -ийн буухиа гүйлтийн тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль авсан. Би 2005, 2006 онуудад тус тэмцээний гүйлтийн төрөлд хоёр жил дараалан алтан медаль авч байв. Тухайн үед ОХУ-ын Иргэний хамгаалалтын сайд асан Сергей Кужугетович Шойгу медаль гардуулах үеэр Монгол аврагчдыг гүйлтээр бол барахгүй юм байна. Усандаа харин хурдтай байгаарай гэж ерөөж байсан түүхтэй.
Ц.Баттулга багш намайг хайрцаг сумаар худалдсан хөгжилтэй түүх байдаг юм. Манай анги 2004 онд Зэвсэгт хүчний харьяанаас гарсан тул сум галт хэрэглэлийг Зэвсэгт хүчний анги салбаруудаас гуйж хэрэглэдэг байв. Тэр үед Зүүнбаян дахь цэргийн ангийн тамирчид Ц.Баттулга багшийг түшиглэж гранат буудлагын бэлтгэлийн зөвлөгөө авна. Зүүнбаяны багт нэг тамирчин дутуу тул танай тамирчдаас нэгийг нь хайрцаг сумаар авъя гэхэд багш хамгийн туршлагагүй намайг худалдсан. Би “тэмцээнд орж л байвал хаана ч байсан яах вэ” гэж бодож байлаа. Тэмцээний эхний өдөр хэвтээ байрлалаас 200 метрийн зайд 10 секундэд автоматаар 10 гаргасан. Багийн ахлагч Шинэбаяр “Буудсан сум чинь нэг нь ч орсонгүй. Наана нь л шороо босоод байна” гэхээр нь “3а өнгөрсөн” гэж бодож байтал шүүгч 8 оносон гэж зарласан. Дараа нь суугаа байдлаас 15 секундэд 10 сумыг автоматаар буудаж 5 оносон, босоо байдлаас 20 секундэд гурав, нийт 13 онож мөнгөн медаль хүртсэн. Багш алтан медаль, хайрцаг сумаар зарагдсан шавь нь мөнгөн медаль өөр багийн нэр дээр авсан ч багшийнхаа итгэлийг алдаагүйдээ баярласан тэр үеийн дурсамж өнөө хэр мартагддаггүй.
2009 онд Францын иргэн Juwel Poza-тай хамтран Алтай-Таван богд уулын оргилд аврагчдаас анх удаа хөл тавьсан. Тэр үеэс эхлэн уулын спортыг сонирхож эхэлсэн. Хаданд авиралтын хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа аврагч нар баг бүрдүүлэн амжилттай оролцож уулын холбоодын тамирчдыг айлгаж байлаа.
Сүүлийн үед хобби маань буудлага болоод байгаа. Буудлагын спорт анхаарал төвлөрүүлнэ, өөрийгөө хянаж сургана. Ер нь маш сайхан спорт. Мөн Онцгой байдлын алба олон улсын аврах ажиллагааны дунд ангиллын багтай болж багийн гишүүн нь болж ажиллах том мөрөөдөлтэй.