Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Завхан, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Монгол-Алтайн уулсаар 24-28 м/с, зарим үед 34 м/с давж, халуун хуурай салхи салхилж, нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Монгол-Алтайн уулын ар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 0…-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -24…-29 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хорооны “Зээл”-ийн 22 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 08:11 цагт очиход иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Булган аймаг, Булган сум. Булган багийн “Хожуу-Ухаарал” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.8 км зам туулан 11:08 цагт очиход иргэн Ц-ийн 7×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Булаг багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 12:16 цагт очиход, иргэн А-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 59 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 13:28 цагт очиход иргэн М-ын 5 ханатай 2 гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 6 дугаар хорооны 39/а байранд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 16:30 цагт очиж 15 минут ажмллаж унтраасан.

Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Хайрхан  багийн “Баян-Улаан”-ны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 16:47 цагт очиход иргэн Э-ын 13×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр байсныг 38 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 17 дугаар хорооны “Эрдэнэтолгой”-н 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 17:35 цагт очиход иргэн Б-ын байшингийн 4х7 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 17 дугаар хорооны “Амины орон сууц”-нд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 21:05 цагт очиход иргэн Т-ийн 12х15 метрийн хэмжээтэй байшингийн зоорийн давхарт эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий аймаг, Бор-Өндөр. Аймгийн төвөөс урд зүгт 200 км-т 12.05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай вакцин тээвэрлэн зорчиж явсан Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан алба хаагчид Бор-Өндөр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц /54 настай, эрэгтэй/, Н/51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулаж 04:30 цагт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Хөөврийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/-аас эсэн мэнд олсон. Тухайн газар автомашин нь цасанд суусан байсынг татан гаргасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хорооны “Горхи тэрэлжийн баруун салаа” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 9 км-т/ Тус дүүргийн харьяат иргэн Ч 12.02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч /50 настай, эрэгтэй/-ыг 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:07 цагт тус хорооны “Горихын баруун салаа” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Цас шаварт суусан: Увс аймаг, Давст сум. Хандгайт багийн “Хойд адаргант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.06-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 18 км зам туулан 22:00 цагт очиход Давст сумаас Хандгайт багийн “Араг-Уул” гэдэг газрын чиглэлд 4 зорчигчтой (2 нь хүүхэд) зорчиж явсан иргэн П-ийн “Пикап” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 22:30 цагт татан гаргасан. 

4.БИОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Мялзан – Гахайн мялзан. Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум Хуурч багийн “Сүм”-ийн 5 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Г-ийн 36 гахай 10.23-ны өдөр “Гахайн афирик мялзан” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 10.26-ны өдрийн  23-619 дүгээр хариугаар онош тогтоогдсон.  Тус сумын Засаг даргын 10.27-ны өдрийн А/143 дугаар  захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хяналтын 3 цэгт Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан иргэн Г-ын өвчилсөн 36 гахайг зориудаар устгаж, 6370 м2 талбайд халдваргүйтгэл хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул Цагааннуур сумын Засаг даргын 12.04-ний өдрийн А/165 дугаар захирамжаар цуцалсан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top