Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ,Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цас орсон. Архангай 14-24 м/с, Баянхонгор 12-19 м/с, Өмнөговь 21 м/с, Өвөрхангай 16-18 м/с, Говь-Алтай 18-24 м/с, Ховд 32 м/с, Завхан 14-24 м/с,Төв-17 м/с цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 13-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6…-11 градус,  бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -24…-29 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -17…-22 градус өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр5 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 20 дугаар байрны гадна Хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 00:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:38 цагт очиход тус байрны гадна 3х2 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Евро таун” хотхоны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:48 цагт очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Булган сум. Хужирт багийн “Хөрөө рам” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:24 цагт очиход иргэн Б-ын 5×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 32 дугаар хороо, Алтан-Өлгийн 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны  өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Цагааннуур сум. Гурвансайхан багийн төвийн задгай /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төв/-д 12.07-ны өдрийн 14:00 цагийн орчим тус сумын иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан тухай мэдээллийг 12.07-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 60 хүн, 4 автомашин, 4 мотоциклтойгоор 2 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Бугат багийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.8 км замыг туулан 13:45 цагт очиход иргэн А-ны 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Өлзийт багийн 4 дүгээр хороо 16 дугаар гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3км замыг туулан 13:48 цагт очиход иргэн О-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 10 дугаар хороо, 43/Б дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн П-ын 36 мкв 1 өрөө байранд эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороонд баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:54 цагт очиход тус барилгын хашаан дотор иргэн Б-ийн 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 3 дугаар багийн Хараа 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:02 цагт очиход иргэн Л-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 55 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 102 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:08 цагт очиход эзэнгүй айлын 60 мкв байрны 20 мкв өрөөнд шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр  хороо, Монелын 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 03:17 цагт очиход иргэн Э-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 9х5 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ

Төөрсөн, сураггүй болсон: Ховд аймаг, Зэрэг сум. Эхэн багийн “Цахир” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 170 км,сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т 12.07-ны өдрийн 10:00 цагийн орчим малчин Г малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран малчин Г /37 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.07-ны өдрийн 19:15 цагт гэрээс нь баруун урд зүгт Эхэн багийн “Духын хар” гэдэг газраас малаа хариулаад явж байсныг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Төв аймаг, Эрдэнэ сум. Тамган багийн “Өвөр-Жанчивлан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км, сумын төвөөс баруун зүгт 23 км/-т Иргэн С суудлын автомашинтай тус аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хот явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн С/43 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 19:25 цагт хөдөлгөөн үйлдсэн. 12.08-ны өдрийн 00:01 цагт иргэн С холбоонд орж “Харриер” загварын суудлын автомашинтай иргэд автомашиныг нь татан гаргасан тусламж шаардлагагүй гэсэн мэдээллийг өгсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоож алба хаагчдыг буцаасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 8 дугаар багийн “Шийрийн гозгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км/-т 12.07-ны өдрийн 19:00 цагийн орчим малчин Н нь малаа хотлуулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.08-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 02:00 цагаас эхлэн малчин Н/40 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлгөөн үйлдсэн.

Увс аймаг, Давст сум. Торхилог багийн “Аараг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км, сумын төвөөс  зүүн зүгт 35 км/-т 12.07-ны өдрийн 12:00 цагийн орчим иргэн Н морьтой малаа хариулахаар гараад ирээгүй байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 05:55 цагаас эхлэн иргэн Н/ 42 настай эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлгөөн үйлдсэн. 12.08-ны өдрийн 07:40 цагт иргэн Н өөрөө холбоонд орж эсэн мэнд байгааг мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top