“Гамшиг, уур амьсгалын гаралтай шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх, зохицуулалт, шийдлийг эрэлхийлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн семинарт илтгэл хэлэлцүүллээ

Picture3.png

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас хамтран зохион байгуулсан “Гамшиг, уур амьсгалын гаралтай шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх, зохицуулалт, шийдлийг эрэлхийлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн семинарт ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа оролцлоо.

Тайландын Вант Улсын Бангкок хотноо энэ сарын 7-8-ны өдрүүдэд болсон тус семинарт НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Шилжилт хөдөлгөөний байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Сайн дурын байгууллагын олон улсын зөвлөл, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудын Ази, Номхон далайн бүсийн төв, Бутан, Бангладеш, Вьетнам, Индонез, Лаос, Монгол, Мальдив, Непал, Пакистан, Тайланд, Шри-Ланка, Филиппин зэрэг улсаас төлөөлөл хамрагдсан юм.

Энэ үеэр хурандаа Д.Базаррагчаа ”Гамшгийн улмаас үүсэх хүн амын шилжилт хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд эрт хариу арга хэмжээ авах, эрт зарлан мэдээлэх” сэдэвчилсэн хуралдаанд илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ. Тэрээр илтгэлдээ “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа орны нэг. Тодруулбал, гурван жил дараалан 1999-2000, 2000-2001, 2001-2002 онд тохиолдсон зудын гамшгийн дараа зөвхөн Улаанбаатар хотод 2001 онд 13.3 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирсэн бол энэ тоо 2003 онд 40.3 мянга, 2004 онд 41.6 мянга болж огцом өссөн. Энэ хугацаанд малчин өрхийн тоо 191.5 мянгаас 2004 онд 169 мянга хүртэл огцом буурсан үзүүлэлт, 2009-2010 оны зудын улмаас 2010 онд нийслэл хотод 39.7 мянган хүн шилжин суурьшсан тухай мэдээллийг жишээ татан танилцууллаа. Эдгээр шинээр шилжин ирэгсэд нь үер ус, газар хөдлөлт, гал түймэр зэрэг хот суурин газрын гамшгийн эрсдэлд өртөх магадлал өндөр байгаа” гэдгийг дурдлаа.

Хурлаар Ази, Номхон далайн бүс нутагт тохиолдож байгаа гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс болж дотоодын шилжилт хөдөлгөөнөөс бүс нутгийн улс орнуудад тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл, цаашдын хандлагын талаар хэлэлцэж, шилжилт хөдөлгөөн, шилжин суурьших асуудлаас урьдчилан сэргийлэх, багасгах үр дүнтэй хариу арга хэмжээ авах, шийдвэрлэх арга замыг хэлэлцэхэд оролцогч улс орнууд, олон улсын байгууллагууд анхаарлаа хандуулж, цаашид бүс нутгийн стратегийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал байгааг онцолжээ.

Учир нь гамшгийн давтамж, эрчим, нэн ялангуяа уур амьсгалын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр гамшигт өртсөн хүн амыг албан нүүлгэн шилжүүлэх, мөн гамшгийн дараа хүн амын дунд шилжин суурьших асуудал нэмэгдсээр байна. Үер, цунами, хөрсний нуралт, ган, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг гамшгийн тохиолдол өндөр Ази, Номхон далайн бүсэд 2010-2021 онд гамшгийн улмаас хамгийн их буюу 225.3 сая хүн ам дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Үүнээс 213.5 сая хүн ам цаг агаарын гаралтай гамшиг, аюул үзэгдэл, 11.8 сая хүн ам геофизикийн гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нүүн, шилжин суурьшжээ.

Зөвхөн 2022 онд тус бүс нутагт байгалийн гамшигт өртсөн 22.6 сая хүн өөр газар нутаг руу нүүж, шилжилт хөдөлгөөн хийсэн нь дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас шилжилт хөдөлгөөн хийж дүрвэсэн хүн амын 70 орчим хувийг эзэлж байна. Үүний хэрээр бүс нутгийн нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус хохирлын нөлөөлөл өндөр гэж үзэж байна.

Тиймээс хүн амын гамшгийг давах туулах, тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн семинарын дараа “Гамшгийн улмаас нэмэгдэх шилжилт хөдөлгөөнийг бууруулах, урьдчилан сэргийлэх бүс нутгийн  плаформ”-д улс орнууд нэгдэн, асуудлыг хамтдаа хэлэлцэн,  бие биеэ дэмжин ажиллахыг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top