1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Ховд аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -30-35 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -23-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7-12 градус, бусад нутгаар -14-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, -16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 14-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-ны өдөр нутгийн зүүн хагаст, 16-ныөдөр Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 17-ны өдөр Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар 5-10 м/с, 14-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар, 15-ны өдөр говь, талын нутгаар, 17-ны өдөр Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44-49 градус, өдөртөө -32-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36-41 градус, өдөртөө -24-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16-21 градус, өдөртөө -10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -22-27 градус, өдөртөө -15-20 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Завхан аймаг, Баянтэс сум. Бужир багийн 4 дүгээр хэсэг /аймгийн төвөөс хойд зүгт 290 км-т, Тэс сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ 220 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 05:25 цагт очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн багтаамжтай хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоож, мөн өдрийн 13:25 цагт бүрэн унтраасан. Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Н.Гомбодорж 12.12-ны өдрийн 16:00 цагт тус суманд очоод гал түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Архангай аймаг, Өндөр-Улаан сум. Баянгол багийн “Уран” хороололд 12.12-ны өдрийн 03:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Иргэн Б-ын 12х16 метрийн хэмжээтэй байшин шатсаныг орон нутгийн 203 иргэн 7 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороо, Толгойтын товчооны 12 дугаар гудамжинд агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 10:59 цагт очиход тус тоотод иргэн А-ын 12х15 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Айраг сум. 4 дүгээр багийн Замчдын 13 дугаар гудамжинд өвс тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагч 2 км замыг туулан 11:30 цагт очиход Дорнод аймгаас Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн Б-ын 09-09 “Волво FH12-16” загварын зүтгүүрийн хойд талын 6 дугуй, 1200 ширхэг боодлын өвс шатаж байсныг 4 цаг 52 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:18 цагт очиход тус тоотод иргэн Э-ны 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Сонгины 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 00:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:05 цагт очиход тус тоотод иргэн Б-ны 9х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 23 дугаар хороо, Хангайн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 03:32 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:14 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 25х25 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум. Ширхэнцэг багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 04:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2 км заамыг туулан 04:20 цагт очиход тус тоотод иргэн Б-ний 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
3. ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ОСОЛ
Усны осол – Нуурын мөс цөмөрсөн: Ховд аймаг, Чандмань сум. Жаргалант багийн “Арлын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ хоёр зорчигчтой суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч живсэн, зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 280 км замыг туулан 12.12-ны өдрийн 08:45 цагт очиход иргэн М-ийн “Тоёота приус-11” загварын суудлын автомашин “Дөргөн” нуурын эргээс 200 орчим метр /гүн 1.5 метр/-т цөмөрч орсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 18:30 цагт түр зогсоосон. 12.13-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон. Хөвсгөл аймаг, Галт сум. Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Бүхээнг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 228 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12.11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Галт сумын Засаг даргын тамгын газрын 5 ажилтантай хамтран малчин Б/27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 14:46 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:01 цагт гэрээс зүүн урд зүгт 1 км-т “Бүхээнг” гэдэг газраас тухайн иргэний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Увс аймаг, Хяргас сум. Хангай багийн “Тойлийн давааны-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Иргэн П нь хүргэн Т-ынд очихоор тус аймгийн Улаангом сумаас Цагаанхайрхан сумын чиглэлийн замын унаанд сууж 12.12-ны өдрийн 17:00 цагийн орчим “Тойлийн давааны-Эх” гэдэг газар замдаа буугаад сураггүй болсон тухай мэдээллийг 12.12-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу Цагаанхайрхан сумын мэргэжлийн ангийн 4 алба хаагч, 1 автомашинтайгаар иргэн П/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:10 цагаас зохион байгуулж, 12.13-ны өдрийн 00:55 цагт Хяргас сумын Хангай багийн “Зааг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Цасанд суусан: Увс аймаг, Тариалан сум. Бургастай багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ Баян-Өлгий аймгаас Увс аймгийн чиглэлд зорчиж явсан 23 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 12:09 цагт очиход иргэн Ч-ын “Тоёота хиасе” загварын 23 зорчигч /үүнээс хүүхэд 21/-той суудлын автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.
Увс аймаг, Баруунтуруун сум. Зүүнтуруун багийн “Шадын-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ Баруунтуруун сумаас “Бөөн-Эх” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 14:00 цагт очиход иргэн Б-ын “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.
Увс аймаг, Тариалан сум. Бургастай багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ тус аймгийн Өмнөговь сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж 2 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 14:14 цагт ангиас гарч 60 км замыг туулан 16:00 цагт очиход иргэн З-ийн “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Дундговь аймаг, Сайнцагаан сум. Наран багийн “Наран” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т/ тус аймгийн Дэрэн сумаас Сайнцагаан сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан 2 хүн төөрч, автомашин нь цасанд суусан тухай дуудлагыг 12.12-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 25 дугаар ангийн алба хаагчид 110 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.13-ны өдрийн 00:16 цагт иргэн Т/55 настай, эрэгтэй/, Б/68 настай, эрэгтэй/ нар согтуугаар “Тоёота саксид” загварын суудлын автомашинтай явж байгаад цасанд сууж, автомашин нь эвдэрч, өөрсдөө осголтын байдалтай байсныг олж, Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн төвд авчирч хүлээлгэн өгсөн.
Увс аймаг, Улаангом сум. Хөндлөн 8 дугаар багийн “Цэнгэнийн гатлага” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 22 км-т/ Улаангом сумаас “Өндөр мод” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 01:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 22 км замыг туулан 03:30 цагт очиход иргэн Н-ийн “Субару форестер” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татаж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР