#Nematimesбулан ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын материал-техникийн нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С. Лхагвадуламыг онцолж байна.
Намайг Санжаажамцын Лхагвадулам гэдэг. ХААИС-ийг 2000 онд агрономи мэргэжлээр төгсөж, 2004 онд селекцийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Дотоод хэргийн их сургуульд докторантурт суралцаж байгаа. “Онцгой байдлын байгууллагад үр тарианы мэргэжилтэн ажилд авна” гэсэн сонины зарыг 2010 онд олж харсан. Гэхдээ эрэгтэй хүн авна гэсэн байв. Эмэгтэй гээд буцаачих болов уу гэсэн болгоомжлолтой хэдий ч өргөдлөө өгөөд тэнцэж Улсын нөөц, сэргээн босголтын газар гэдэг нэртэй байхад анх энэ ажилд орсон. Одоо бодоход тухайн үед хөдөө, орон нутгаар их явдаг ажил болохоор эрэгтэй хүн авна гэсэн зар тавьсан байх гэж боддог. Тэр цагаас хойш Улсын нөөцийн газарт Үрийн нөөц хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр 14 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.
Улсын нөөцийн газарт гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зориулсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бараа, газрын тосны бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн бараа, материал хадгалдаг учраас олон өөр мэргэжлийн хүмүүс ажилладагаараа онцлог. Нэг мэргэжилтнээс ч олон төрлийн мэдлэг, чадвар шаардана. Миний хувьд 2009 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг ня-бо мэргэжлээр төгссөн нь их нэмэр болдог. Санхүү ойлгодоггүй бол энэ ажлыг хийх төвөгтэй. Тоо байтугай таслал зөрүүлэхэд л том алдаа гарах эрсдэлтэй.
Ихэнх нутгийг хамарсан ган, зудаас болоод 2-3 жил дараалан тариаланчид ургац алдсан тохиолдол 2011-2013 оны үед болж улсын нөөцөөс үрийн буудай олгосон юм. Тэр намар түүхэнд байгаагүй арвин ургац авч, улсын нөөцийн буудайн чанар маш сайн байж үр өгөөжөө өглөө гэж тариаланчид талархал илэрхийлж байсан нь санаанаас ер гардаггүй. Улсын нөөцийн байгууллагад ажилладаг хүний хувьд тухайн үед байгууллагаараа, эд эс нь болж ажилладгаараа бахархаж байлаа. Байгалийн гамшгаас шалтгаалан санхүүгийн уналтад орж хүнд хэцүү үеийг туулж яваа ард иргэд, аж ахуйн нэгжүүд сэргэн өндийж байгааг харах, мөн улсын нөөцийн байгууллагын үүрэг ийм үед л мэдрэгддэг гэдгийг олон нийт ойлгож мэдэрсэн нь сайхан санагдсан.
Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, гурван ах, нэг эрэгтэй дүүтэй айлын ганц охин. Ах нар цэргийн байгууллагад ажилладаг, хоёр дахь ах намайг цэргийн хүн болгоно гэдэг байсан нь биелэлээ олж эх орон, ард түмэндээ тангараг өргөсөн алба хаагч болсон. Нөхөр маань бас цагдаагийн байгууллагад ажилладаг. Бид гурван хүүхэдтэй. Одоо бага хүү, ээжтэйгээ дөрвүүл амьдарч байна. Манай хүүхдүүд эрт биеэ даасан. Хүүхдүүдээ загнаж, өндөр дуугаар ер харилцдаггүй. Тэднийхээ гаргасан шийдвэрт шууд нөлөөлөхгүй, шийдвэр гаргах эрхийг нь өөрсдөд нь үлдээдэг. Гэхдээ ярилцана, хор уршиг, гарах үр дагаврыг нь хэлж өгөх зэргээр найз нөхдийн байр сууринаас ханддаг.
Ер нь би өөрийгөө чимээ багатай гэж боддог. Гурван сар эзгүй байгаад буцаж ажилдаа ороход манай давхрынхан намайг огт анзаараагүй байсан. Бидний ажил ямар ч тохиолдолд бэлэн байх үүрэгтэй. Өвөлжилт хаваржилт хүндрэх, үер, ган гачиг гэх мэт тохиолдож болох бүхий л гамшгийн үед улсын нөөцөөс ямар төрлийн бараа гаргах, хаанаас хаа хүргэх зэрэг хангамж, хүрэлцээ боломж бүрийг нь тооцсон байх ёстой учраас ажлаа дуусгаж байж санаа амардаг. Чөлөөт цагаараа кино үзэх дуртай, усанд сэлж сурах мөрөөдөл бий. Оюутан байхдаа эмийн ургамал судалж тэр чиглэлээр дипломын ажлаа бичиж байлаа. Ургамлын бүтцийг ген, хоромсомын түвшинд судалж, микробиологи чиглэлийг шимтэн сонирхдог байсан. Тэр утгаараа селекцийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан.