Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн албаны хамтарсан ажлын хэсгийн “Ослын үеийн удирдлагын тогтолцооны стратегийн уулзалт”-ыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус уулзалтад ОБЕГ-аас дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Ойн албаны мэргэжилтэн Кристофер Кнобэл болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Майк Конноли, Жое Көрри нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсгийн төлөөлөгчид 2024-2025 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах, туршлага солилцох, оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОБЕГ, АНУ-ын Ойн алба нь хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр гамшгийн менежментийн хамтын чиг хандлагыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд үйл ажиллагаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага, НҮБ-ын байгууллагууд болон холбогдох бусад байгууллагууд оролцсон.
Тухайлбал, 2019 онд АНУ-ын Ойн албатай хамтран “Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт, 2022 онд “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалтыг, 2023 онд “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг тус тус зохион байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.